Бидний өвөг дээдсийн туурганы тасархай, тулганы хэсэг Тува улс ОХУ-ын бөөрөнд наалдаж тусгаарлаад, 100 гаруй жилийн нүүрийг үзэж буй. 1750-иад онд Увс аймгийн нутгаас Манжууд нутаг заан тэднийг одоогийн нутагт нь шилжүүлсэн гэх. Тийм ч учраас тэд Увс руу ирэмтгий, нутгаа гэж үзэх үзэл нь цээжиндээ буцалж явдаг биз. Буянбадрах гүнгийн ихээхэн зүтгэлээр хаант Орос улсын ивээлд 1914 онд багтсан түүхтэй ч гэлцдэг. Нэгэнт тусгаар улс болж, хаяагаа манасан хойно илүүг өгүүлэх дэмий хэрэг. Харин тус улсын жолоог өнөөдөр Шолбан Кара-Оол хэмээх овсгоотой эр залж буй.
Зураг дээр: тулаанч Шолбан Кара-Оол
Түүний тухай дэлхий нийт тэр бүр мэдэхгүй биз. Монголчууд ч мөн сайн танихгүй нь гарцаагүй. Бага залуудаа тулааны уралгаар хичээллэж явсан, Уралын их сургуулийг дүүргэсэн гэх. Ямартаа ч тэрбээр бөхөд ясны дуртай нэгэн гэнэ. "Сүбээдэй" нэртэй биеийн тамир спортын ордон байгуулсанаа алдарт бөх Аяс Монгуш агсаны мэдэлд шилжүүлж байлаа. Тэрбээр алдарт бөхөө "100 жилд нэг л төрөх бөх" хэмээн бахаддаг байж.
Аяс Монгуш гарцаагүй сайн бөх байж. Тувадаа 17 түрүүлсэн, сонирхогчдын сумоогийн дэлхийн аваргад хоёр түрүүлсэн, ОХУ-ын гавьяат тамирчин байж. Монголчууд Аяс Монгушийн талаар сайн мэднэ. Монголд ирж хэд хэдэн удаа барилдахдаа, шууниан тарьж байсныг нь дэргэдээс нь харсан хүн олон таардаг. Улсын наадамд ч зодоглож, Увс аймгийн баяр наадамд "өнөөх Монгуш нь ирж" гэж хэлүүлтлээ барилдсан гэдэг. Харин Тувагийн БНН улсын тэргүүн Шолбан Кара-Оол нэгэнтээ өөрийгөө Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашоёрюу Д.Дагвадоржтой адилхан гэж ярьжээ.
Зураг: алдарт Аяс Монгуш
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )