“Пёнчан-2018” Өвлийн олимпод оролцох тамирчдын бэлтгэлтэй танилцлаа

2018 оны 02 сарын 02

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам ердөө долоо хоног үлдээд байна. Олимп ойртсон энэ өдрүүдэд Монголын баг тамирчид хэрхэн бэлтгэж байгааг судлах зорилгоор Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийн Спортын хяналт шинжилгээ, судалгааны багийн дарга Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохоор ахлуулсан баг Хандгайт дахь спорт цогцолборт очиж, нөхцөл байдалтай танилцжээ.

Хандгайт дахь спорт цогцолборт олимпийн наадмын эрх авсан Ч.Отгонцэцэг, Б.Ачбадрах нараас гадна хоёр дасгалжуулагч, хоёр бэлтгэл хангагч, нэг эмч ажиллаж байна. Баг тамирчдын байрлаж буй зочид буудал, хоол, эм витаминжуулалт хангалттай, сайн байгааг олимпийн бэлтгэлд хамрагдаж буй хүмүүс хэлэв.

Тэнд “Рио-2016” зуны олимпийн наадмаас медаль хүртсэн жүдо, боксын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа хангаж байсан юм. Ч.Насантогтох даргаар ахлуулсан баг “Пёнчан-2018” олимпийн наадамд оролцох дасгалжуулагчдын бэлтгэлийн төлөвлөлттэй танилцаж, заавар зөвлөгөө өгсөн бөгөөд тамирчидаас санал хүсэлт авлаа.

Манай хоёр тамирчин зочид буудал, хоол, эм витаминжуулалт хэрэглэл материал гээд дутуу зүйл байхгүй гэдгээ хэлэв. Харин тамирчдын бэлтгэлийн талбай, орчин нөхцөл тааруу байгааг албаныхан хэлж байна. Гэвч байгаа боломжиндоо бэлтгэлээ тааруулан хийж “Сочи-2014” өвлийн олимпод үзүүлсэн амжилтаа 4-6 байр урамшлахаар зорьж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top