Өвлийн XXIII олимпийн наадмын тамирчдын тосгон 02 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж, нийт 92 орны туг Пёнчан хотын тэнгэр дор мандлаа.
БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын хуульд БНАСАУ-ын тугийг мандуулахыг хориглодог заалттай. Гэвч ОУОХ-ноос Олимпийн наадамтай холбоотой бүхий л арга хэмжээнд тус улсын тугийг мандуулахыг зөвшөөрснөөр ийнхүү оролцогч бүх орны туг олимпийн тосгонд байршжээ.
"Пёнчан - тамирчдын тосгон" нь цасны спортын тамирчдад зориулагдсан ба нийт 600 өрөө бүхий 15 давхар 8 байртай бол "Ганнан-тамирчдын тосгон" нь 922 өрөө тасалгаа бүхий 25 давхар 9 байртай бөгөөд мөсний спортын тамирчид байрлах аж. Хоёр тосгонд нийт 7000 гаруй оролцогч байрлах хүчин чадалтай.
Тамирчдын тав тухтай байдлыг хангах зорилгоор Олимпийн тосгонд банк, шуудангийн салбар, өргөн хэрэглээний бараа, Олимпийн наадамд зориулан тусгай дэлгүүр, гоо сайхны газар, фитнесс төв болон чөлөөт цагаа өнгөрөөх газруудыг шинээр бий болгосон байна. Тамирчдын хоолны газар нь 24 цагаар ажиллах бөгөөд Солонгос, Европ, Ази, цагаан хоолны 450 гаруй төрлийн хоолноос сонголтоо хийх боломжтой аж.
Тамирчдын тосгон нээгдсэн өдөр АНУ, Япон, Канад зэрэг 22 улсын 500 гаруй тамирчин хэдийн байрлан бэлтгэл сургуулилтаа базааж эхэлжээ.
Оролцогч орон тус бүрийн "Тамирчдын тосгоны туг өргөх ёслол" 05-аас эхлэх бөгөөд Ямайк, Бразил, Румын болон Бельги улсын ёслол эхэлж болох гэнэ.
Харин Монголын баг тамирчдын туг өргөх ёслол 07-ны өдрийн 15.00 цагт "Пёнчан тамирчдын тосгон"-д зохион байгуулагдах юм. Энэхүү ёслолд Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид оролцох аж.
"Пёнчан 2018" өвлийн олимпийн наадам нь 2 дугаар сарын 9-нөөс 25-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол улсаа төлөөлөн ОУХМ Б.Ачбадрах 2 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт гүйлтийн цанын 15км зайд, ОУХМ Ч. Отгонцэцэг 2 дугаар сарын 15-ны өдрийн 15.30 цагт гүйлтийн цанын 10км зайд уралдах хуваарьтай байна.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Далбаа гээч дээ