Олимп, дэлхийн аварга, Ираны алдарт бөх Голамреза Тахтийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн ОУТ хоёрдугаар сарын 8-9-нд Табриз хотод боллоо. 38 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монгол, Иран, Азербайжан, Армен, Болгар, Беларусь, Гүрж, Казахстан, Кыргызстан, ОХУ, Тажикистан, Турк, Туркменистан, Унгар, Румын, Украин, Энэтхэг гэсэн 17 орны 160 тамирчин 10 жинд өрсөлдөв.
Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор дөрвөн тамирчин зодоглосноос 57 кг-ын жинд ДАШТ-д хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, “Хангарьд” клубийн тамирчин, МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр, 65 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр тэд “Тахтийн цом”-ийн Монголын гурав, дөрөв дэх аварга болж байна.
Мөн 92 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул, 125 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртлээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
голамреза тахт чинь яалаа толгойгүй болчил уу