Өмнөд Солонгосын Пёнчан хотод эхэлсэн өвлийн олимп дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна. Спортын энэхүү гайхалтай наадмын түүх болон түүнийг тойрсон сонин содон мэдээллийг уншигчиддаа хүргэе.
Өвлийн олимпийн түүх
Хүн төрөлхтний спортын их баяр наадам Өвлийн олимп 4 жилд 1 удаа тэгш тоотой оны 02 дугаар сард зохион байгуулагддаг уламжлалтай. Өвлийн олимпийн спортод цас болон мөсөн дээрх цана, тэшүүр, чарганы төрлүүд багтдаг байна.1924 оны анхны өвлийн олимпийн наадмаас одоог хүртэл бүхий л наадмуудад гүйлтийн цана, уран гулгалт, хоккей, цанын харайлт, гүйлтийн тэшүүрийн төрлүүд багтдаг бол лүүж, шорт-трейк, чөлөөт цанын төрлүүд нь явцдаа нэмэгдэж орсон ажээ.
Анхны өвлийн олимпийн наадам 1924 онд Францын Шамони хотноо зохион байгуулагдаж 16 орны 258 тамирчид оролцсон аж. Үүнээс өмнө уран гулгалт болон хоккейн төрлүүд нь зуны олимпийн наадамд явагддаг байсан байна. 1940, 1944 оны олимпийн наадмууд дэлхийн II дайны уршгаар зохион байгуулагдаагүй бөгөөд 1948 онд Швейцар улсын Сан-Мориц хотноо Өвлийн олимпийн 5 дахь их наадмаар дахин сэргэсэн юм.
Өвөл зуны олимпийн наадмууд 1992 он хүртэл ижил онд зохион байгуулагдсан бол “Лиллехаммер-1994” Өвлийн олимпоос эхлэн өвөл, зуны олимпийн наадмууд 2 жилийн давтамжтай сөөлжин зохион байгуулагдах болсон. Ингэснээр өвлийн олимпийн наадам дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй ижил онд зохион байгуулагдаж байгаа билээ.
Өвлийн олимпийн наадмыг олон орон зохион байгуулж байснаас АНУ 4 удаа, Франц 3 удаа, Итали, Япон, Австри, Норвеги зэрэг хэд хэдэн орнууд 2 удаа тус тус зохион байгуулжээ. Өнгөрсөн 22 дахь өвлийн олимпийн наадам ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан бол 23 дахь наадам БНСУ-ын Пёнчан хотноо энэ оны 2 дугаар сарын 09-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
2022 оны өвлийн олимпийн наадам зохион байгуулах эрхийг БНХАУ-ын Бээжин хот хүлээн авч бэлтгэл ажилдаа орсон байна. 2022 онд Өвлийн олимпийн наадмыг Бээжин хот зохион байгуулснаар түүхэн дэх өвөл, зуны олимп зохион байгуулсан анхны хот болох юм.
Элдэв сонин буюу бэлгэвчний дуулиан
Хүн төрөлхтний спортын их наадмыг тойрсон дуулиант мэдээллүүд зөндөө л гардаг. Тэгвэл Өмнөд Солонгосын Пёнчан хотын өвлийн олимпийн наадмаар гарсан нэгэн дуулиант мэдээ бол бэлгэвч юм. Тодруулбал, тус наадамд зарцуулах бэлгэвчний тоо түүхэн дээд амжилт тогтоож байгааг зохион байгуулагчид нь мэдээлжээ.
Нийтдээ 110,000 бэлгэвчийг олимпийн байгууламжуудад тараах болсон нь 2010 оны Ванкувер, 2014 оны Сочигийн наадмуудын үеэр тараасан бэлгэвчний тооноос 10,000-аар илүү гарсан байна. Энэ удаагийн наадамд 2,925 тамирчин оролцоно гэж үзвэл нэг хүнд дунджаар 37.6 бэлгэвч ноогдож байгаа юм. Гэхдээ тамирчдаас бусад хүмүүст ч үнэгүй бэлгэвч тараагдах гэнэ.
Бэлгэвч бүхий сагснуудыг олимпийн хотхоны бүх эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөнүүдэд байрлуулахаар болсон байна. Бэлгэвчний үйлдвэрлэгч Convenience Co компани зохион байгуулагчдад 100,000 бэлгэвч хандивлажээ. Тэд үүний зориулалтыг “олимпийн наадмын үеэр ДОХ тархахаас сэргийлэх” гэж тайлбарлаж байгаа ч тамирчид бэлгэвчийг голдуу наадмын дурсгал болгож аваад эх орондоо буцдаг гэнэ.
Пёнчаны наадмын билэг тэмдэг
2018 оны олимпын билэгдэл амьтан Сохоран гэх нэртэй цагаан өнгийн бар аж. Уг амьтан нь Солонгосын үлгэр домогт гардаг илтгэл, хүч чадал, хамгаалалт зэргийг бэлгэддэг амьтан юм.
Өвлийн олимпийн анхны алтан медальтнууд
Хамгийн анхны өвлийн олимпоос төрсөн аваргуудын тухай мэдээллийг хүргэ.
Гүйлтийн тэшүүр:
- 500 м-н зайд АНУ-ын Ч.Жетроу алтан медаль
- 1500 м-н зайд Финландын К.Тунберг алтан медаль
- 5000 м-н зайд Финландын К.Тунберг алтан медаль
- 10000 м-н зайд Финландын Ю.Скутнабб алтан медаль
- Олон төрөлт: Финландын К.Тунберг алтан медаль
Цэргийн манаа буюу одоогийн биатлон:
- Багийн төрлөөр зохион байгуулагдаж Швейцарын шигшээ баг алтан медаль хүртсэн
Уран гулгалт:
- Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Шведийн Г.Графстрём алтан медаль
- Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Австрийн Х.Планк-Сабо алтан медаль
- Хосын төрөлд Австрийн хосууд алтан медаль хүртсэн
Кёрлинг:
- Багийн төрлөөр зохиогдож Их Британий шигшээ баг
Гүйлтийн цана:
- 18 км-н зайд Норвегийн Т.Хауг алтан медаль
- 50 км-н зайд Норвегийн Т.Хауг алтан медаль
Бобслей:
- Багийн төрлөөр зохиогдож Швейцарын шигшээ баг алтан медаль хүртсэн
Шайбтай хоккей:
- Канадын шигшээ баг алтан медаль хүртсэн
Цанын хоёр төрөлт:
- Эрэгтэй төрлөөр зохиогдож Норвегийн Т.Хауг алтан медаль хүртсэн
Трамплин харайлт:
- Эрэгтэй төрлөөр зохиогдож Норвегийн Я.Туллин Тамс алтан медаль хүртсэн
Олимпийн анхны аварга Канадын хоккейн шигшээ баг
Гүйлтийн тэшүүрийн 3 алтан медалийн эзэн Финландын К.Тунберг
Уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан төрлийн аварга Шведийн Г.Графстрём
Цанын төрлүүдийн аварга Норвегийн Т.Хауг
Өвлийн олимптой холбоотой зарим мэдээллээс хүргэлээ. Хүн төрөлхтөний түүхнээ 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Пёнчанийн олимп ч олон гайхалтай үйл явдлаар дүүрэн байх биз ээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Баярлалаа
Une here goy medeelel bna bayrlalaa