БНСУ-д зохиогдож буй “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 1500 м-ийн шорт-трек төрөлд мөнгөн медаль хүртсэн Голландын тамирчин Шинки Кнегт бэлэг дурсгалын зүйл, цэцэг гардуулах ёслолын үеэр дунд хуруугаа гарган олны шүүмжлэлд өртлөө.
Түүнтэй өсөлдсөн эзэн орны тамирчин Лим Хё Жүн хоёр минут 10 секундэд барианд орсноор олимпийн аваргын алдрыг хүртжээ. Харин тэдний араас гуравдугаар байрт Олон улсын олимпийн хорооны далбаан дор оролцож буй Оросын тамирчин Семен Елистратов шалгарсан байна.
Дээрх зурагт тоглоом барингаа дунд хуруу гаргасан явдлыг Өмнөд Солонгосчууд өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн, доромжилсон хэрэг гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлж байна.
Харин Ш.Кнегт өөрөө тайлбарлахдаа “Хэдий дунд хуруугаа гаргасан юм шиг харагдаж байгаа ч би зориуд ингээгүй. Гартаа тоглоом л барьж байсан шүү дээ...” гэжээ.
Сонирхолтой нь түүний энэ үйлдэл нь анхны тохиолдол биш төдийгүй 2014 онд зохиогдсон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр санаатайгаар дунд хуруугаа гаргаж медалиа хураалгаж байсан "туршлагатай" нэгэн гэнэ. Учир нь өөрийнх нь өмнө орсон Оросын тамирчин Виктор Анд дунд хуруугаа үзүүлж байсаныг "фен"-үүд нь мартаагүй аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )