Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд ямар хариуцлага тооцох вэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос тухайн жилийн баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журмыг тогтоол гарган баталдаг. Үүний дагуу  допингийн шинжилгээ хийх бэлтгэл, сорьц авах Ажлын хэсэг томилох, ямар хугацаанд, хаана шинжилгээ авах, шинжилгээний хариуг хэн хариуцаж явуулах, хүлээж авах, хэрхэн зарлах гээд бүх явцыг тусгадаг.

Энэ журам ёсоор Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсөн жилийн Улсын баяр наадмаас хойш бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан байна. Тус шинжилгээнд "Таван бөх бүдэрсэн" тухай мэдээлэл өчигдөр хэвлэлээр цацагдав. Дээрх допинг хэрэглэсэн бөхчүүдийг сая  Цагаан сарын барилдаанд оролцуулаагүй байна. Дээрх асуудлаар Допингийн үндэсний төвийн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат өнөөдөр мэдээлэл хийх аж.

Допингийн шинжилгээ авч эхэлсэн 1999 оноос хойш илэрсэн хэд хэдэн тохиолдол байвч vvнийг шийдэх эрх зvйн орчин  тєгс болоогvйгээс тухайн тамирчдад хариуцлага хvлээлгэж чадахгvй байгаа нь үнэн.

      -ДОПИНГ ГЭЖ ЮУ ВЭ

-Үгийн гарал үүслийн хувьд мансууруулах ундааны нэр. Дэлхийн допингийн эсрэг дүрэмд зааснаар бол хориотой эмийн бодис, аргуудыг хэрэглэхийг допинг гээд байгаа юм. Яагаад спортод энэ зүйлийг хориглоод байна гэхээр хоёр том зорилго байна. Нэгдүгээрт спорт гэдэг бол шударга өрсөлдөөн байх ёстой. Шударга өрсөлдөөн маань товчоор хэлэхэд тамирчин хүн эхээс төрсөн унаган чадвараараа өрсөлдөж тэмцэлдэхийг л хэлж байгаа юм. Хоёрдугаарт допинг тамирчны эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц хортой зүйл. Иймээс дэлхий нийтээрээ үүний эсрэг тэмцээд байна. Спорт гэдэг бол хүн төрөлхтний сор болсон шилдэгүүд оролцдог. Гэтэл эдгээр сор болсон хүмүүсээ энэ аюулд алдахгүйн тулд тэмцээд байна.

-ХОР ХӨНӨӨЛИЙН ТУХАЙД

-Дөрөв таван төрлийн маш хортой нөлөө үзүүлнэ. Нэгдүгээрт хэрэглэсэн тамирчин уралдаан, тэмцээний явцад шууд амь эрсдэх аюултай. Ийм тохиолдол ч олон бий. Хоёрдугаарт допинг хэрэглэсний улмаас амьдралын амин чухал эрхтнүүд гэмтдэг. Хамгийн түрүүнд зүрх. Зүрх гэдэг бол хүний мотор. Зүрхний үйл ажиллагаа муудвал тамирчин байх битгий хэл эрүүл байна гэдэг асуудалтай. Гуравдугаарт энэ бодисыг хэрэглээд байвал үр удмаа үлдээх чадваргүй болно. Хүн төрөлхтний амьдралын гол зорилго нь өөрийн үр удмыг үлдээж гал голомтоо залгуулж, үйл ажиллагаагаа залгамжлуулах явдал. Ийм чадваргүй болно. Дөрөвдүгээрт тухайн хүний зан төрхөд ихээхэн өөрчлөлт гарна. Зан төрх, сэтгэхүй уураг тархинд нөлөөлчихнө. Харьцаа муутай, догшин ширүүн хэрцгий байдлууд илэрнэ. Хүн хүнтэйгээ эелдэг сайхан харьцаж байж л нийгэм гэдэг зүйл оршиж байгаа. Тэгэхээр нийгмийн байдлыг аюултай нөхцөлд хүргэж болно. 

-БӨХЧҮҮДЭЭС ХЭРХЭН ШИНЖИЛГЭЭ АВДАГ ВЭ?

Монгол Улс Олон Улсын Олимпийн Хорооны гишүүнийхээ хувьд 1999 оноос эхлэн допингийн эсрэг тэмцэлд нэгдэж, үндэсний их баяр наадамд оролцсон бөхчүүдээс анх удаа допингийн шинжилгээ авчээ. Баяр наадмын тухай хууль батлагдсанаар наадмын допингийн шинжилгээ авах үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэх болсон юм. Тодруулбал, 2003 оноос хойш жил бүрийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн шинжилгээ авах ажлыг Баяр наадмыг зохион байгуулах хороо, Допингийн эсрэг төв, Монголын үндэсний бөхийн холбоо хариуцан ажиллаж, бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг ч хэлэлцэн, шийдвэрлэж иржээ.

Допингийн шинжилгээний дээжийг манай улс  БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг. Улмаар лабораториос ирсэн хариуг Допингийн эсрэг төв хүлээж авснаас хойш ажлын тав хоногт багтаан, холбогдох спорт холбоо /Бөхчүүдийн шинжилгээний хариуг МҮБХ-нд/ болон Баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулдаг. Улмаар МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар /Шинжилгээний хариуг хэн нэгэн хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/ бүхий бөхөд ажлын арав хоногт багтаан танилцуулдаг ба тухайн бөхчүүд хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “B” сорьцыг өөрсдийн хүсэлт, өөрсдийнх нь зардлаар /Зардал 300 ам. доллар/ дахин шинжлүүлэх журамтай. Харин бөхчүүд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ хариу хүлээж авснаас хойш 14 хоногт багтаан Допингийн эсрэг төвд бичгээр гаргах ёстой байдаг байна.

 

     -БӨХЧҮҮДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

  Допинг хэрэглэсэн бөхчүүдэд ямар хариуцлага тооцох вэ.

Үндэсний их баяр наадмын хуулинд....,

16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

  • 16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлээс ногдуулна:
  • 16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;
  • 16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;
  • 14.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх:
  • 16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна:
  • 14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top