А.Хонгор: Мөсөн сурын харвааг дэлхийн брэнд болгох боломжтой

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

Улсын мэргэн А.Хонгороос мөсөн сурын харвааны талаар тодрууллаа

-Мөсөн сурын харвааны төрөл жанрын хувьдтодруулахгүй юу?

-Мөсөн сурын харваа Урианхай сурын харваатай их төстэй. Ялгаа нь өвлийн улиралд мөсөн  дээр зохион байгуулагдана. Урианхай сурын харвааны нэг төрөл гэж хэлэхэд болно.

-Анх удаа зохион байгуулж байна уу?

-Монголын Мөсөн сурын холбоо бие даан байгуулагдаад тэр цагаас хойш  анх удаа Үндэсний спортын өвлийн их наадамд мөсөн сурын харваа албан ёсоор орж байгаа.

-Ямар дэг жаягаар зохион байгуулах вэ?

-Өвлийн өдөр зуныхтай харьцуулшгүй богино байдаг. Тиймээс бид тэмцээнийг зохион байгуулахдаа цаг хугацаагаа бодож, тооцсон. Зун наадмын үеэр урианхай сурын харваа 30 сум харваж, мэргэнээ тодруулдаг. Өвлийн наадмын үеэр 20 сум харвуулахаар болсон. Гэхдээ спортын цол, зэргийн ангилалд тохируулсан.

-Энэ удаагийн мөсөн сурын харваанд хүүхдүүд оролцох уу?

Ер нь, урианхай сурын харваа айл хотлоороо харвадаг, нэгийгээ хэсээд явдаг ийм уламжлалтай. Энэ удаа мөсөн сурын харваанд хүүхдүүд оролцохгүй.

-Түрүүлсэн харваачид ямар цол олгох вэ?

-Улсын аварга цол өгнө. Үндэсний зургадугаар их наадмын аварга гэсэн үг л дээ.

-Зуны  харваанаас зай талбайн хавьд ялгаатай юу?

-Бараг байхгүй. 40 метрийн зайнаас 20 сум харвах журмаар явна. Зуны харваанаас 10 сум  дутуу.

-Тэнцсэн тохиолдолд аваргыг хэрхэн тодруулах вэ?

-Зөвхөн эрэгтэйчүүд  мөсөн харваанд оролцоно. 20 сум харвасны дараа шалгарсан, оноо  тэнцсэн хүмүүс товх харвана. Товх харвах гэдэг нэг сумаар л бай онож аваргаа тодруулна гэсэн үг шүү дээ. Оносон нь цаашаа харваж, оноогүй нь хасагдаад явна.

-Мөсөн сурын харвааны ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Манай улсад мөсөн сурын харваа хөгжих бүрэн боломжтой. Суурь хөгжил нь байж байна. Цаашдын хөгжил нь дан ганцхан Мөсөн сурын холбооны үйл ажиллагаанаас шалтгаалахгүй. Монголын спортын төрлөөс Мөсөн сурын харваа гэсэн брэндийг дэлхийд гаргаж, үүгээрээ дамжуулаад аялагч, жуулчлагчдыг ч татах боломжтой.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top