Ахлах сургуулиас NBA-д шууд драфтлагдсан STAT

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

Амари Карзарис Стадемаер 1982 оны 11-р сарын 16-нд Флорида мужийн Лэйк Вэйлст Карри болон Хазел Стадемаер нарын хүү болон мэндэлсэн. Түүнийг 12 настай байхад нь аав нь нас барж ээжтэйгээ  хоёулхнаа үлдсэн байна. Түүний ээж олон удаа гэмт хэрэгт холбогдож,  баривчлагдаж байсан. Тэрээр нийт 6 ахлах сургууль дамжин суралцсан ба Орландо хотод байдаг Сайприс Крик ахлах сургуулийг дүүргэсэн.  Бурхны үгс болон Түпак Шакурын үгс л түүнд тэр хэцүү үеийг давж гарах сэтгэлийн тэнхээ хайрласан гэж нэгэн сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ дурдсан байдаг.

Бусад тоглогчдыг бодвол нилээн хожуу сагс тоглож эхэлсэн. Ердөө 2-хон жил ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглосон хэдий ч Найк Брендын нэрэмжит зуны лийгийн Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байсан. Мемфисийн их сургууль түүнд тэтгэлэг санал болгосон ч тэрээр хурдан мөнгө олж гэр бүлдээ туслахын тулд  ахлах сургуулиасаа шууд NBA-д орохоор шийдсэн аж. Түүнийг STAT гэж хочилдог ( Standing Tall And Talented). 2003 онд “Each 1, Teach 1” хэмээх санг байгуулсан бөгөөд энэхүү сан дэлхий даяар хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг юм. 2008 онд Сиэра Лион улсад цэвэр усны хомсдолд орсон ядуу буурай тосгонд шинэ худаг барьж өгөх төсөл хэрэгжүүлж тус улсын ерөнхийлөгч түүнийг өөрийн улсдаа урьж уулзаж талархлаа илэрхийлж байсан.

Финикс Санс баг 2002 оны драфтын 9 дэх сонголтоор түүнийг багтаа элсүүлсэн. НБА-д тоглосон эхний жилдээ 13.5 оноо, 8.8 оноо дунджилсан. 2002 оны 12-р сарын 30-нд Миннесотагийн эсрэг 38 оноо авсан нь ахлах сургуулиас шууд мэргэжлийн түвшинд тоглож буй тоглогчийн хамгийн өндөр оноо болсон. Улирлын эцэст шилдэг шинэ тоглогч шалгаруулах санал асуулгад Яо Мин, Кэрон Батлер нараас илүү санал авч ахлах сургуулиас НБА-д шууд  драфтлагдсан тоглогчдоос энэхүү шагналын эзэн болсон анхны тоглогч болсон.

Дараагийн улирал түүний хувийн  статистик үзүүлэлт сайжирсан боловч баг нь улиралд ердөө 29 хожил авсан. Улмаар баг нь Стефен Мэрбуриг Никс баг руу худалдсан. 2004 оны зун Грект болсон олимпид оролцох АНУ-н шигшээ багт сонгогдсон хэдий ч дасгалжуулагч Ларри Браун түүнд итгэл хүлээлгэж, тоглох боломж олгоогүй.

 

2004-2005 оны улиралд шилдэг холбон тоглогч Стив Нэшийн хамт 62 хожил авж, ердөө 20 хон тоглолтонд хожигдсон. Энэ улиралд 26 оноо дунджилсан ба анх удаагаа Бүх оддын тоглолтонд сонгогдсон. Плэй-оффт ч шилдэг тоглолтоо үргэлжлүүлэн Өрнөд бүсийн аваргын төлөө Сан Антонио багтай таарсан. Тус цувралд Амари 37 оноо дунджилсан хэдий ч 4:1-ээр хожигдов.

2005 оны 10-р сард буюу улирал эхлэхийн өмнөхөн өвдөгөө гэмтээж мэс ажилбар хийлгүүлэх шаардлагатай болсон. Багийн удирдалаг түүнийг 2-р сарын дундуур эргэн ирнэ гэж мэдэгдсэн хэдий ч  бэртэл нь бэртлээ бүрэн эдгээхэд илүү их хугацаа шаардлагатай болсон. Бэртлээсээ эргэн мрсэн анхны тоглолтондоо Портлендын эсрэг 20 оноо авсан. Харин 3 дахь тоглолтондоо Нью- Жэрсигийн эсрэг ганц ч оноо авж чадаагүй бөгөөд маргааш нь тэр бэртлээ бүрэн эдгээгүй байхад өөрийн хүсэлтээр эргэн ирсэн ба бэртэл нь сэдэрсний улмаас дахин эмчилгээ хийлгэхийн тулд улирлын тоглолтуудыг дахин өнжнө гэж мэдэгдсэн.

2006 оны зун өөрийн 32 дугаарыг 1 болгон өөрчилсөн. 2007 оны 2-р сарын 18-нд 2 дах удаагаа бүх оддын тоглолтонд сонгогдон оролцож 29 оноо, 9 самбараас бөмбөг авалт хийж үнэ цэнэтэй тоглогч шалгаруулах  санал асуулганд Кобигийн ард 2 дугаарт бичигдсэн. Плэй-оффт Сан Антонио багтай таарсан бөгөөд Роберт Орри Стив Нэш дээр буруу заслан тавьж түлхэж унагаах үед сэлгээнд сууж байсан Амари талбай руу орж ирсэн бөгөөд түүний энэхүү үйлдэлд NBA сахилга батын хороо 1 тоглолтоор торгосон. Улмаар тус цувралд Финикс 4-2 оор хожигдсон.

2007-2008 оны улиралд Санс багийн оноо авалт болон самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн. (25.2;9.1) Бүх оддын тоглолт болон бүх NBA –н 2 дугаар багт нэрлэгдсэн. 2008 оны 2 сард Санс баг Шакийг багтаа авчирсан. Плэй оффт өмнөх жилийн учраа Спурстай дахин таарсан. Тус цувралд Амари 23 оноо дунджилсан бөгөөд баг нь 4-1 ээр хожигдов. Улирал дууссаны дараа дасгалжуулагч Майк Дэ Энтони халагдсан.

2008-2009 оны улиралд Тэрри Поттер хэмээх шинэ дасгалжуулагч Санс багийн довтолгооноос илүү хамгаалалтыг сайжруулахыг хичээв. Энэ нь Амаригийн статистик үзүүлэлтэнд нөлөөлж түүний дундаж оноо өмнөх улирлаас  4-өөр буурсан. Гэсэн хэдий ч багаа оноо авалт болон самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн хэвээр байсан. Санс багийн хамгаалалт бага зэрэг сайжирсан боловч бүх оддын тоглолтын өмнө 28-23 гэсэн муу амжилтын үзүүлээд байсан.

Гэсэн хэдий ч түүнийг фенүүд нь бүх оддын тоглолтон Өрнөд бүсийн гарааны 5 тоглогчийн нэгээр сонгосон. Улирал эхлэхээс өмнө тэрээр нүднийхээ торлог бүрхэвчийг гэмтээсэн ба 2009 оны 2-р сарын 19-нд Клипперсийн эсрэг хийсэн тоглолтонд дахин гэмтээснээр 8 долоо хоног эмчилгээ хийх шаардлагатай болсон.

2009-2010 оны улиралд Санс баг 54 хожил авж Өрнөд бүсийн 3 дугаар байраар Плэй-оффт шалгарсан. Эхний шатанд Портлендыг  4:2-ын хожсон бол, дараагийн шатанд Спүрсыг 4:0-ээр шүүрдэж  олон удаа плэй-оффт хожигдсон өшөөгөө авсан. Улмаар Өрнөд бүсийн аваргын төлөө Лекэрс багтай таарсан. Эхний 2 тоглолтонд хожигдсон ч Амари 3 дахь тоглолтонд  42 оноо, 4 дэх тоглолтонд 21 оноо авснаар цувралын харьцааг тэнцүүлж чадсан. Гэсэн хэдий ч Кобигийн шилдэг тоглолт тэдэнд ахьж хожил авах боломж олгоогүй юм.

2010 оны 6-р сарын 30-нд түүний Финикс Санс багтай хийсэн гэрээ нь дуусаж тэрээр чөлөөт агент болсон. 7 хоногийн дараа Амари Нью-Йорк Никс багтай 5 жилийн 99.7 сая долларын гэрээ хийсэн. Ингэснээр Финиксийн экс дасгалжуулагч Майк Дэ Энтонигийн удирдлага дор дахин тоглохоор болсон. 2010 оны 12-р сарын 15нд Бостон Селтиксийн эсрэг хийсэн тоглолтонд 30-аас дээш оноо авснаар 9 тоглолтонд дарааллан 30-аас дээш оноо авсан Нью-Йорк багийн түүхэн дэх нэгэн шинэ рекорд болон үлдсэн.  2011 оны 2-р сард бүх оддын тоглолтонд анх удаагаа дорнод бүсийн гарааны довтлогчоор сонгогдсон.  Наймааны цонх хаагдахын өмнөхөн 3 баг оролцсон томоохон солилцоо болж Никс баг Кармело Энтони болон Чанси Биллапс нарыг багтаа авсан. Никс баг 2004 оноос хойш анх удаагаа Плэй-оффт  шалгарсан хэдий ч Бостоны ахмад их гурвал тэдэнд ганц ч хожил өгөөгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top