Х.Нямхишиг ”Ижийгээ саначихлаа”

2018 оны 02 сарын 27

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Болор цом-35 наадмын дэд байр, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Хандхүүгийн Нямхишигийн "Ижийгээ саначихлаа" шүлгийг сонордуулъя.


         Ижийгээ саначихлаа

Болжмор шиг, жимс түүж идэх минь ч

Борооны тухай жиргэх минь ч яах вэ,

Ижийгээ саначихлаа.

Саглагар модноо сүрэглэн суух минь ч

Сарны тухай дуулах минь ч яах вэ,

Ижийгээ саначихлаа.

Оддын тэнд байгаа нүдээ авъя,

Үүлс нь тэнд нүүж л байг;

Охидын тэнд байгаа зүрхээ авъя,

Үс нь тэнд хийсч л байг,

Ижийгээ саначихлаа.

Хаврын хаварт харина гэж жиргэсэн ч

Хангайн модод жимслэхийг хүлээлээ;

Зун зунаар явна гэж жиргэсэн ч

Зулзаган жимс боловсрохыг хүлээлээ,

 Ижийгээ саначихлаа.

 Солонгын өнгөнд байгаа зүүдээ авъя,

Шүүдэр нь тэнд унаж л байг;

Согооны нүдэнд байгаа хүслээ авъя,

Шүлэг нь тэнд тунаж л байг,

Ижийгээ саначихлаа.

Намрын намарт зорино гэж жиргэсэн ч

Наалинхай үрсээ өдлөхийг хүлээлээ ;

Өвөл өвлөөр золгоно гэж жиргэсэн ч

Өдөлсөн үрсээ өлчиржихийг хүлээлээ,

ижийгээ саначихлаа.

Шинэ цаснаа мөрөө үзэх минь ч

Шиврээ бороонд мөчир хэсэх минь ч яах вэ,

ижийгээ саначихлаа.

Бяцхан далавчаа ганцхан зүгт дэвье;

Бяд суунгуут орхисон үүрээ нэг эргэе,

ижийгээ саначихлаа


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Raya(66.181.179.24) 2023 оны 11 сарын 28

Goy

0  |  0
Top