О.Үйтүмэн хоёр жилийн өмнөх амжилтаа бататгалаа

2018 оны 03 сарын 05

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-нд Кыргызстаны нийслэл Бишкекийн “Kozhomkul Sports Palace”-д эхэлсэн. Эмэгтэйчүүдийн тэмцээн гуравдугаар сарын 1-2-нд болж өндөрлөсөн бол эрчүүдийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд (III.03-04) боллоо.

86 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Цэргийн спортын наадмын хүрэл медальт, Цэргийн дэлхийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгө, Динмухамед Кунаевийн нэрэмжит ОУТ-ий аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн хоёр жилийн өмнөх амжилтаа бататгаж, мөнгөн медаль зүүлээ.

Тэрбээр эхний даваанд Японы Шота Шираиг 10:3-аар, шөвгийн наймд Энэтхэгийн Деепак Пуньяг 7:0-ээр, хагас шигшээд БНХАУ-ын Би Шенфенийг оноогоор цэвэр ялсан. Харин шигшээ барилдаанд энэ жингийн дэлхийн шилдэг хүчтэн олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданитай анх удаа хүч үзэж оноогоор цэвэр ялагдлаа.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top