Олон улсын хөлбөмбөгийн фестивальд Монгол хүүхэд анх удаа оролцоно

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

Олон улсын хүүхдийн “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд Монголын хөл бөмбөгийн холбоо анх удаа оролцох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг ОХУ-ын “Газпром” ХК, Олон улсын хөлбөмбөгийнхолбоо зургаан  жилийн өмнөөс хамтран зохион байгуулж ирсэн, тус холбооны гишүүн  211 улс идэвхтэй оролцдог юм. Орон бүрээс 12 хүртэл насны өсвөрийн хөлбөмбөгчин болон сэтгүүлч хүүхэд оролцож эх орноо сурталчилдаг энэхүү сонирхолтой хөтөлбөрт Монгол улсыг төлөөлөн оролцох хүүхдүүдийг энэ сарын 6-нд МХБХ-ны байранд сонгон шалгаруулах гэж байна.

Оролцох хүсэлтэй хүүхдүүдийг дараахь шалгуурын дагуу сонгон авах юм. Үүнд, Тоглогч: нэгдүгээрт, хөлбөмбөг сонирхож хичээллэдэг байх, түүн дотроо хагас хамгаалагчийн байрлалд тоглодог бол давуу тал болно, хоёрдугаарт англи хэлний харилцааны зохих түвшний мэдлэгтэй байх, гуравдугаарт, өөрийгөө илэрхийлэх, ярих чадвар болно. Сэтгүүлч: англи юмуу орос хэлний зохих түвшний мэдлэгтэй, хөлбөмбөг сонирхдог, зохих түвшний мэдлэгтэй байх, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүүхдийн болон сургуулийнхаа хэвлэл мэдээлэлд ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Шалгарсан хүүхдүүд энэ сард “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” үйл ажиллагааны зохион байгуулах хорооны төлөөлөгчийн хамт хэвлэлийн бага хуралд оролцоно. Түүний дараа эх орондоо хөлбөмбөг сурталчлах ажлуудад оролцоод, 2018 оны зургадугаар сарын 3-18 ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо очиж фестивалийн үйл ажиллагаанд оролцоно. Монгол улсаас шалгарсан тоглогч хүүхэд Москва хотноо хөл бөмбөгийн зуны сургалтад хамрагдан, тэнд болох бүх дэлхийн хүүхдүүдийн нэгдсэн тэмцээнд хагас хамгаалагчаар тоглоно. Сэтгүүлч хүүхэд мөн сэтгүүл зүйн зуны сургалтанд хамрагдан, өөрийн тоглогчийн тухай сурвалжлага, материал бэлдэх бөгөөд хоёул “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” наадмын үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож, Монгол улсын тухай танилцуулга, мэдээлэл түгээж, ярилцлага өгч, дэлхийн цомын нээлтийн үйл ажиллагааг үзэх ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top