Завхан аймаг авлигаас ангид ажиллах зорилт дэвшүүлэв

2018 оны 03 сарын 17

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Завхан аймгийн удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнд оролцов.

Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан Завхан аймаг “Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах” жил болгон зарлажээ. Орон нутагт анх удаа зохион байгуулж буй удирдах ажилтны зөвлөгөөнд Завхан аймгийн 24 сумын 300 гаруй удирдах албан тушаалтнаас гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын референт С.Нямбаяр,  Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяа нарын албаны хүмүүс оролцов. Зөвлөлгөөнөөр төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх, авлигаас ангид байх зарчмыг баримтлан, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагыг өндөржүүлэн, удирдах ажилтнуудын манлайллыг дээшлүүлж, төрийн албаны стандартын хэрэгжилтийг бүх түвшинд жигд хангуулж ажиллах талаар ярилцсан байна.

Завхан аймаг “Авлигаас ангид аймаг” байх зорилт дэвшүүлж Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймагтаа дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. "Төрийн албаны удирдах ажилтны манлайлал, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх" анхдугаар зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачилсан “Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчим”-ыг баталлаа. Хариуцлагатай байх, хүнд сурталгүй байх, иргэдтэй ойр байж, тэдний санаа бодлыг сонсдог байх, Шударга, авлигаас ангид байх зэрэг 9 зарчмыг төрийн албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолт, Үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлж ажиллах юм байна.  Мөн төрийн албан хаагчид "Би авлига авахгүй, өгөхгүй" уриатай энгэрийн тэмдэг зүүдэг болжээ.

Завхан аймгийн 216 байгууллагад 5783 төрийн албан хаагч ажилладаг. Нэг төрийн албан хаагч 3-5 айл өрхийг хариуцан, иргэдийнхээ санал бодлыг сонсч, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гүүр болон ажиллаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top