Видео тоглоомоосоо одоо ч салж чадаагүй ЖААЛХҮҮ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 26

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Оклахома Сити Тандер багийн довтлогч асан, өдгөө Алтан мужийн дайчдын бүрэлдэхүүнд тоглож буй Кевин Уэйн Дюрант 1988 оны 9-р сарын 29-нд Вашингтон хотод Ванда болон Уэйн Прэт нарын хүү болон мэндэлжээ. Бага байхад нь эцэг эх нь салсан учир тэр ээжийнхээ нэрээр овоглодог юм. Харин түүний аав одоогоор Вашингтон хотын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаа. Түүнийг багаас нь эмээ нь өсгөж хүмүүжүүлсэн. Дюрант хүүхэд байхдаа Винс Картерыг шүтдэг байсан ба сайн найз  Майкл Бизлитэй хамт сагс тоглож өссөн гэдэг.

 Тэрээр видео тоглоомонд нугасгүй нэгэн бөгөөд хамгийн дуртай тоглоом нь НБА Лайв, Марч Мэднэсс. Түүний дуртай хоол нь хавч. Түүний хэлэх дуртай үг “Hard work beats talent when talent fails to work hard”. JAY Z, Lil Wayne-г сонсдог. Мөн тэрээр Оклахома Сити Тандер багаас бүх оддын тоглолтонд сонгогдсон анхны тоглогч болон тус багийн түүхэнд нэрээ мөнхөлсөн. Тандер багийн дасгалжуулагч Скотт Брүүкс: “Би 4 жилийн өмнө түүнтэй анх уулзаж байсан, тэр цагаас өдийг хүртэл огтхон ч өөрчлөгдөөгүй” гэж хэлсэн удаатай.

Ахлах сургуульд байхдаа “Amateur Athletic Union” сайн дурын байгууллагын өсвөрийн сагсан бөмбөгийн Яагуарс багт Майкл Бизлигийн хамт  амжиллттай тоглож 2 ч удаа улсын аварга болж байсан. Тэр багийн дасгалжуулагч Чарлез Грег 35 насандаа бусдын гарт амиа алдсан. Дюрант өөрийнхөө бүх амжилтыг тухайн дасгалжуулагчтай холбоотой гэж үздэг бөгөөд түүний нас буюу 35 гэсэн дугаарыг өөрийнхөө өмсгөл дээр байрлуулсан. Хожим Мерилендийн Монтроес Кристиан ахлах сургуульд тоглож байх хугацаандаа дахин 2 инч өсөж 6 фүүт 9 инч (206 см) өндөртэй болсон. Тухайн багт одоогийн Гриззлес багийн Воскуйзтай хамт тоглодог байсан ба оноо авалт бөмбөг таслалтаараа багаа тэргүүлдэг байв. Вашингтон Пост сониноос түүнийг оны шилдэг шинэ тоглогчоор нэрлэж байсан. Ахлах сургуульд байхдаа тэрээр маш хөдөлмөрч тоглогч байв. Түүний шидэлт бөмбөг эзэмшилт, хамгаалалт бүгд өөлөх зүйлгүй байсан бөгөөд түүний довтолгооны хувь 65%  байсан.  2006 оны Макдоналдсын бүх оддын тоглолтонд оролцож Чейз Бадденжерын хамт үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан. Ахлах сургуульд  Грег оден, Дюрант хоёр шилдэг тоглолтоороо олныг гайхшруулж эргэлзээгүйгээр ахлах сургуулийн одод болцгоосон.

2006 онд Техасын их сургуульд элсэн оров. Тэр багийн гарааны 5 тоглогчийн 4 нь эхний жилдээ тоглож буй шинэ тоглогчид байсан. Улирлын 35 тоглолтонд бүгдэнд нь гараанд гарж, плей оффын 2-р шатанд умард Каролинагийн багт хожигдсоноор эхний улирал нь дууссан.Түүний гол давуу тал нь өндөр хүн түүнийг хаавал хурдаараа илүүрхэж оролт хийнэ, хэрэв жижиг хурдтай хүн хаавал шууд л дээгүүр нь шиддэг байсан. НБА-н аналистууд түүнийг Кевин Гарнет, Новицки 2-ыг нийлүүлсэн юм шиг тоглодог гэж ярилцдаг. Нэг тоглолтод 37 оноо, 23 самбараас бөмбөг авалт гэх мэт олон зүйлээр дасгалжуулагчаа гайхшруулж байв. Довтолгоо эхлэх болгонд багийнхан нь түүнийг хайдаг байсан гэдэг. Техас Лонхорнс багт тоглосон эхний жилдээ 25.8 оноо, 11.8 самбараас бөмбөг авалт дунджилсан. Харин шувтаргын тоглолтонд 28.9 оноо, 12.5 самбараас бөмбөг авалт дунджилсан. Түүний коллежид авсан хамгийн өндөр оноо нь 37 бөгөөд энэ оноог дөрвөн удаа авч байсан. 30 удаа 20-иос дээш оноо авсан. 2007 оны гуравдугаар сард тэрээр Сагсан бөмбөгийн дасгалжуулагчдийн холбооноос оны шилдэг тоглогчийн шагнал хүлээн авсан. Мөн удалгүй Оскар Робертсоны нэрэмжит шагналыг авав. Сонирхуулахад 2011 оны Оскар робертсоны нэрэмжит шагналыг Жиммер Фредет (2011 оны драфтын 10 дах сонголтоор Милоуки Бакс багт очсон) гэдэг тоглогч авсан. 2007 оны 3-р сарын 30-нд Асашейтед Прэсс агентлаг түүнийг оны шилдэг коллежийн тоглогчоор нэрлэсэн. Энэ шагналыг Техас мужаас хамгийн сүүлд 1961 онд авж байсан.Техасын их сургууль Түүнийг НБА-д драфтлагдсанаас хойш долоо хоног ч болоогүй байхад түүний 35 дугаарыг Ти Жэй Фордын 11 дугаарын хамт “Френк ирвин цэнтр”-т мөнхөлсөн.

2007 оны 4-р сарын 11-нд Дюрант тэр зун драфтад орохоо мэдэгдсэн. Тэр жилийн драфтын эхний сонголтоор Блэйзэрс баг Грег Оденг сонгосон бол , Сийтл Супер Соникс баг 2 дах сонголтоороо Дюрантыг авсан түүхтэй. НБА-д орсон дариуд нь түүнийг  “Адидас” болон “Найк” брэндүүд сонирхож эхэлсэн. Гэвч “Найк” брендийг илүүд үзэн 7 жилийн 60 сая долларын гэрээг байгуулсан нь бүх цаг үеийн түүхэнд мөнгөн дүнгээрээ Леброны “Найк”-тай хийсэн гэрээний ард бичигдэхүйц том гэрээ болсон. НБА-д тоглосон эхний улиралдаа 80 тоглолтонд оролцсон ба бүгдийг нь гараанаас эхлүүлсэн. Улирлын эхнээс л шилдэг тоглолтыг үзүүлж бүх оддын тоглолтын шинэ залуу тоглогчдын багт нэрлэгдэв. Улирлын эцэст 20.5 оноо дунджилж тэр жилийн шилдэг шинэ залуу тоглогчийн шагналыг хүртсэн. Улиралд багаа нийт 47 удаа оноогоор, 75 удаа блок шотоор тэргүүлсэн аж. 2008 оны 4-р сарын 16-нд 19 нас 200 дах хоног дээрээ 42 оноо, 13 самбараас бөмбөг авалт хийж хамгийн залуугаараа ийм оноо авсан тоглогч болон түүхэнд нэрээ бичүүлсэн.

2008-2009 оны улиралд шилдэг тоглолтоо үргэлжлүүлж 25.3 оноо дунджилж НБА-д 6 дах онооны лидер болсон. Мөн тоглосон минутаараа 6-д бичигдэж байв. Улирлын турш 57 удаа 20-оос дээш оноо, 21 удаа 30-аас дээш оноо, 3 удаа 40-өөс дээш оноо авсан. Мөн улиралд 15 удаа дабл дабл хийсэн. Бүх оддын тоглолтын шинэ залуу тоглогчдын тоглолтонд 2 дах жилдээ тоглож буй тоглогчдын багт сонгогдон тоглож 46 оноо авснаар  тус тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан. Мөн тэр жил анх удаа зохиогдсон “H-O-R-S-E” буюу илжигдэх тэмцээнд Жое Жонсон, Өү Жэй Мэйо нарын хамт оролцож түрүүлсэн.

2009-2010 оны улиралд 30.1 оноо дунджилснаар НБА-г оноо авалтаараа тэргүүлсэн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч болсон. Мөн улирлын үнэ цэнэтэй тоглогч шалгаруулах санал асуулгад Леброны ард 2-р байрт бичигдэв. НБА-н түүхэнд улирлын бүх тоглолтонд гараанд гарж 30-аас дээш оноо дунджилсан 10-хан тоглогч байдаг ба тэдгээрйин нэг нь Дюрант юм. Улирлын 82 тоглолтын 75-д нь багаа оноо авалтаараа тэргүүлэв. Хамгийн залуугаараа 2000-оос дээш оноо авсан тоглогчдын 2-т бичигдсэн ба нэгт Леброн бичигддэг юм. Мөн тэр улирал анх удаа бүх оддын тоглолтонд сонгогдон 20 минутанд 15 оноо,5 самбараас бөмбөг авалт хийсэн. Өөрөө тоглохоос гадна Шинэ залуу тоглогчдын багийг дасгалжуулсан.

Түүний шилдэг тоглолтын ачаар баг нь Оклахома хотод ирснээс хойш анх удаа плэй-оффд шалгарав. Гэвч эхний шатанд өнгөрсөн улирлын аваргууд болох Лэйкэрстэй тааран эхний 5 тоглолтонд 3:2-ын харьцаатай явж байсан ч 6 дах тоглолтонд Газолын баззер шот Тандер багийг гэрт нь хариулсан. 2010 оны 5-р сарын 6-нд Бүх НБА-н нэгдүгээр багт Двайт Ховард, Леброн Жэймс, Коби Брайнт, Дуэйн Вэйд нарын хамт нэрлэгдэв. 2010 оны 7-р сарын 7-нд тэрээр өөрийн Твиттэр дээрээ Тандер багтай 5 жилийн 86 сая долларын гэрээ хийсэн тухайгаа мэдэгдсэн.  

Дюрант 2007 оны 2 сард АНУ-ын Сагсан бөмбөгийн шигшээ багт тоглох урилга авсан. Зун нь шигшээ багтай бэлтгэл хийсэн боловч, 2008 оны Бээжингийн Олимпод оролцох 12 тоглогчийн нэгээр нэрлэгдээгүй юм. Харин 2010 оны Сагсан бөмбөгийн дэлхийн аваргад оролцож шилдэг тоглолт үзүүлэн, 22 оноо дунджилснаар АНУ-ыг 1994 оноос хойш анх удаа алтан медал авахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Улмаар өөрөө тус тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан.

2010-2011 оны улиралд Дюрант 27.7 оноо дунджилснаар 2 жил дарааллан лигийг оноо авалтаараа тэргүүлсан. Мөн 2 дах удаагаа бүх НБА-н нэгдүгээр багт нэрлэгдэв. Леброн НБА-д тоглосон эхний 4 улиралдаа 8439 оноо авсан ба энэ үзүүлэлтээрээ одоо тоглож байгаа тоглогчдыг тэргүүлдэг. Харин Дюрант 2007-2011 оны хооронд 8128 оноо оноо авснаар түүний ард 2-рт бичигдэж эхэлсэн. Баг нь 55:27 гэсэн амжилтаар амжилтаар өөрийн дивизоноо тэргүүлж плэй оффт өрнөд бүсийн 4-р байраар шалгарсан. Эхний шатанд 5-аар шалгарсан Дэнвэр Наггетсыг 4:1-ээр хожсон. Дараагийн шатанд Мемфис Гриззлестэй таарсан. 2 залуу бүрэлдэхүүнтэй баг ширүүн өрсөлдөж тус плэй оффын анхны үхлийн 7 дах тоглотыг гаргасан ба эцсийн мөчид Оклахома хотын аянганууд ялалт байгуулсан.

Харин аваргын төлөө ахмад бүрэлдэхүүнтэй Далласын эсрэг тоглосон ч Новицки, Кид нар туршлага заан тэдэнд ердөө ганцхан хожил өгсөн.

 

С.Төгөлдөр


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top