Олимпизм ба ёс суртахуун#3 - Спортын хүмүүжил

2018 оны 03 сарын 26

Спортын нийгэмд гүйцэтгэдэг нэн чухал үүргийн нэг нь хүмүүжил мөн. Спортын хүмүүжлийн гол зорилго бол нийгмийн ёс суртахууны түгээмэл шаардлагыг спортын, тэр тусмаа тамирчин тус бүрийн байнгын үйлдэл, эрхэмлэл болгоход оршино. Ийнхүү хүн бүр ёс суртахууны эрхэмлэлийг өөртөө шингээж авахад нь тасралтгүй, эрчимтэй, зорилго чиглэлтэй хүмүүжүүлэх үйл явц чухал бөгөөд ингэхгүйгээр тамирчны хүмүүжил жинхэнэ утгаараа бүрэлдэн төлөвшиж чадахгүйд хүрнэ. Спортын хүмүүжлийг төлөвшүүлэхийн тулд амьдралын бүх хэвшил, нийгмийн орчин зэрэг хүний амьдрал, үйл ажиллагааны бүх талын нөлөөг харгалзан үзэхээс гадна спортын ёс суртахууны зарчим, хэм хэмжээ, ойлголтуудыг онолын ухамсрын түвшинд эзэмшүүлэх, үлгэр дуурайллын үндсэн дээр зөв чиглүүлэн залж удирдах нь чухал юм.

Тиймээс спортын хүмүүжлийн анхны алхам нь нийгмийн ёс суртахууны талаархи мэдлэг, эрхэмлэлийг эзэмшсэний үндсэн дээр спортын тусгай өвөрмөц хэм хэмжээ, зарчим, чанаруудын баттай ойлголт, төсөөллийг бүрэлдүүлэх явдал мөн. Ингэхдээ спортыг нийгмийн соёлын томоохон илрэл мөнийх нь хувьд нийгмийн, бусад хүмүүсийн зүгээс тавьж байгаа шаардлагыг мэдрэх мэдрэмжийг эзэмшүүлэх, түүний үндсэн дээр өөрийнхөө үйлдэл, үйл ажиллагааг зөв зохистой залан чиглүүлэх дадал чадварыг төлөвшүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай юм. Хувь хүнд өөрийн үйлдлийг нийгмийн эрх ашигтай зохицуулах зайлшгүй шаардлагатайг ухамсарлах, нэгэнт хэвшин тогтсон нийтийн хэм хэмжээг зохистой нөхцлөөр мөрдөн баримтлах зэрэг зан байдлын төлөвшилд хүргэж хүмүүжүүлнэ.

undefined

Спортын хүмүүжил бол спортын болоод иргэний ёс суртахууны эгэл хэм хэмжээний түвшинг илэрхийлсэн ойлголт бөгөөд түүнийг олгох үйл явц нь хүмүүжлийн ерөнхий зүй тогтлуудад тулгуурладаг хэдий ч өөрийн зарим онцлогтой юм. Спортын хүмүүжлийг олгодог гол хүн нь дасгалжуулагч багш нар байна. Сурган хүмүүжүүлэх ухааны баримтаас үзэхэд аливаа бие хүний хүмүүжил, тэр дундаа ёс суртахууны шинж төрх ерөнхий боловсролын сургуулийн дунд ба ахлах насанд нэн идэвхитэй төлөвшдөг байна. Энэ үед тэдэнд хичээл, үүрэг даалгавар, нийгмийн тустай хөдөлмөрт болон хамт олон, анд нөхөдтэйгээ хэрхэн харьцвал зохихыг ухамсарлан ойлгодог ажээ.

Нилээд тохиолдолд итгэл үнэмшил, тодорхой зан чанар үндсэндээ төлөвшиж тогтсон хойноо спортын хамт олны дунд орж ирдэг. Ийм учраас дасгалжуулагч болон тухайн хамт олны өмнө шинээр спортын талбарт хөл тавьж байгаа хувь хүнийг ёс суртахууны сайн талыг нь дэмжин төгөлдөржүүлж, сул тал, буруу дадал зуршлыг аль болох арилган, түүнийг дахин хүмүүжүүлэх явдал ч тулгарч болзошгүй болдог.

undefined

Ингэж тамирчдад ёс суртахууны шинэ өнгө төрх төлөвшүүлж, хүмүүжил олгох нь түүний гэр бүл, хамт олон зэргийн оролцоо нөлөөллийг харгалзан үзэх шаардлагатай байдаг нарийн төвөгтэй үйл явц учраас нэн ялангуяа сүүлийн жилүүдэд ухамсар зорилготой ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллага, албан тушаалтан ихээхэн ховордсон байна.

Энэ нь нэг талаас, хүмүүсийн албан үүрэгтээ хандах хандлага өөрчлөгдөж байгаатай холбоотой ч түүнд шийдвэрлэх нөлөөллийг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс тодорхойлж байгааг анхаарах нь зүйтэй. Аливаа нийгэмд олон нийтийн ёс суртахууны ухамсар, итгэл үнэмшлийн тогтолцоог баримжаалан чиглүүлж байдаг тэргүүлэгч сургаал байхгүй нөхцөлд хувь хүний хүмүүжлийг шинээр төлөвшүүлэх нь хүндрэлтэй, зарим тохиолдолд хянан зохицуулах боломжгүй болдог.

Спортоор хичээллэхэд хүргэдэг олон талын хүчин зүйл байх боловч түүний гол үндэс нь бие хүнийг цаашид хөгжүүлэх чухал өдөөгч хүчин болсон сонирхол байдаг. Сонирхлын эх үндэс нь даган дууриах хүсэл, гэр бүлийн хүмүүсээс ихээхэн шалтгаалдаг. Энэхүү сонирхол нь эхэн үедээ тодорхой, тууштай боловч тогтвортой, бүрэн ухамсартай байж тэр бүр чаддаггүй. Иймээс спортыг сонирхож байгаа өсвөр насныхан болон залуучуудыг аль болох өөрийн эгнээнд татан оруулж, тэдний бие бялдар, оюун санаа, ёс суртахууныг төгөлдөржүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах нь дасгалжуулагчдын журамт үүрэг мөн юм.

Сонирхлын эхний шатанд зөв хандлага төлөвшүүлснээр тэр нь хожмоо хэрэгцээ болон хувирч, бие даасан ухамсартай, тогтвортой үйл ажиллагааны үр дүнд спортын ёс суртахуун төлөвших нэг үндэс болно. Энэхүү үйл явц нь спортын нийгмийн учир холбогдол бүхий чанарыг төлөвшүүлэх, дасгал сургуулилтын үйл явцад тамирчдын хувийн эрэлт шаардлагыг бүлгийн болон нийгмийн зорилтуудтай хослуулах чадвараас ихээхэн шалтгаална.

Спортоор хичээллэхээр сонирхогчид нь нэг талаас сэтгэл хөдлөлдөө автагдан, нөгөө талаас хувийн амжилтад тэмүүлж байдаг тул тэдний сонирхлыг иргэний болон эх оронч үүрэг хэмээн үзэх үзэлтэй холбож, спортын нийгмийн учир холбогдол бүхий чанарыг төлөвшүүлэх явдал бол тамирчдын ёс суртахууны хүмүүжлийн чухал үндэс мөн. Гэвч ийм чанар бие даан, шууд бий болдоггүй бөгөөд дасгалжуулагчийн эрхлэн явуулах хүмүүжлийн ажлын үндсэн дээр бүрэлддэг.

Спортын сургалт дасгалжуулалт нь өсвөр, залуу тамирчдад тохиолдох бэрхшээлийг амжилттай даван туулах, хамт олны дотор нөхөрсөг найрсаг харилцаатай байх, харилцан итгэх, харилцан туслах, харилцан шаардах, эрэмбэ, зиндаагаа хүндэтгэн харьцах зэрэг олон талын онцлог харилцааг өөртөө агуулж байдгаараа дасгалжуулагчид ёс суртахууны хүмүүжлийн явцад амжилттай ашиглаж болох боломжийг бүрдүүлж байдаг. Зарим үед залуу тамирчдын дан ганц хувийн амжилтаа ахиулахын төлөөх эрмэлзэл болон анхны амжилтынхаа магтаал сайшаалд хэт урамшин нэр алдар хөөцөлдөх, биеэ тоох, сайрхах, өөрийгөө ер бусын хүн хэмээн үзэх зэрэг тохиолдол нь дасгалжуулагчид бэрхшээл үүсгэдэг тал бий.

undefined

Хэрвээ тамирчин хүн ёс суртахууны зохих боловсрол эзэмшээгүй, сэтгэл зүйгээр хангалттай бэлтгэгдээгүй бол өрсөлдөөн тэмцэлдээний үед бүдүүлэг авирлах, шударга бус зан гаргах, өрсөлдөгч, зохион байгуулагч, үзэгчдийг үл хүндлэх байдал үзүүлэхэд хүргэдэг. Нэн ялангуяа, биеэ тоож бусдыгаа үл хүндлэх явдал нь хамт олны дундах ёс суртахууны хүмүүжлийн ажлын үр нөлөөг бууруулж, өөртөө тавьж байгаа зүй ёсны зарчимт шаардлагыг хүлээж авахгүй, бүр ойлгохгүй байдалд хүргэдгээрээ ихээхэн хортой. Тиймээс спортын хамт олныг нийгмийн тустай хөдөлмөртэй шаргуу холбон, түүний ач холбогдлыг ухааруулан хар амиа хичээхээс байнга сэргийлж явах хэрэгтэй.

Тамирчдын ёс суртахууны хүмүүжлийн үйл явцад зөвхөн тэднээс хамаарсан бэрхшээл гардаггүй бөгөөд дасгалжуулагч нар ч өөрсдөө алдаа гаргах нь бий. Тухайлбал, хүлээсэн үүрэг хариуцлагадаа хайнга хандах, хариуцсан тамирчидтайгаа буруу харьцах, амжилттай хэсэгтээ зулгуйдах, тал тохой татах, бүдүүлэг байдал, зарчимгүй явдал гаргах, байнга зарчимт шаардлага тавихгүй байх, аль эсвэл шавь нараа хэт бөөцийлөх, сургалт дасгалжуулалтанд тодорхой чиг баримтлалгүй байх зэргийг дурьдаж болох юм.

Мөн ёс суртахуунд шууд холбогдолгүй мэт санагдахуйц бэлтгэл сургуулилтанд нэгэн хэвшмэл болсон арга хэрэглэх, зааж сургаж байгаа материалдаа гүнзгий дүн шинжилгээ хийхгүй өнгөц, эмх замбараагүй байх, бэлтгэлжилтийн үед аюул ослоос хамгаалах явдал хангалтгүй байх зэрэг нь ч тамирчдын ёс суртахууны хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байдгийг тэмдэглэх нь зүйтэй.

undefined

Нөгөө талаар, хариуцагч байгууллагын зүгээс тэмцээн уралдаанд оролцох нөхцөл бололцоог хангалтгүй олгох, соёл гэгээрлийн олон талт ажлыг муу зохион байгуулах, хичээл явуулах, бэлтгэл хийх аятай таатай орчин нөхцлийг хангаагүй зэрэг нь ч өсвөр тамирчдад ёс суртахууны хүмүүжил төлөвшин тогтоход сөргөөр нөлөөлнө.

Спортын хувьд ёс суртахууны суурь дэвсгэр болсон итгэл үнэмшил нь түүний эх оронч үзэл байх хэрэгтэй. Үүнийг төлөвшүүлэн тогтоохын тулд олон янзын арга хэрэглэж болох боловч спортын өвөрмөц онцлогоос шалтгаалан уралдаан тэмцээний хэлбэрээр эерэг сэтгэл хөдлөл бий болгох нь ихээхэн ач холбогдолтой юм. Гэвч эдүгээ үед нэн ялангуяа, үндэсний спортын хувьд нутгархах үзэл ноёрхох хандлагатай байна. Хэдийгээр нутгархах үзэл нь эх оронч үзлийн салшгүй хэсэг нь мөн боловч далайц, ач холбогдлоороо түүнтэй ижилгүй бөгөөд зарим тохиолдолд ёс суртахууны сөрөг хандлагад хүргэх нь бий.

Тамирчдын ёс суртахууны төлөв байдал нь тэдний хувьд ердийн үзэгдэл болсон үйлдэл, дадал зуршлын цогц нэгдэл юм. Дадал зуршил нь ёс суртахууны үйлдэл гүйцэтгэх хэрэгцээ нь болдог ба дотор нь түүнийг энгийн ба мэргэжлийн хэмээн ангилж болно. Энгийн дадал зуршилд хамтран аж төрөх байдал, харилцааны соёл, сахилга бат, дүрэм журмыг баримтлах явдлыг оруулан тооцож болох бол мэргэжлийн дадал зуршилд тамирчин, дасгалжуулагчийн нийгэм, хамт олны өмнө биеэ хэрхэн авч явах, бэлтгэл сургуулилт, үүрэг даалгавраа хэрхэн биелүүлэх зэрэг бүлгийн шинжтэй ёс суртахууны үйл ажиллагааг явуулахад бэлхэн чанарт холбогдох дадлуудыг багтаадаг.

undefined

Энэ бүхний үндсэн дээр эр зоригийн шинжүүд төлөвшин тогтох бөгөөд зоригийн чанаруудад чиглэсэн зорилго, шийдэмгий, шаргуу чанар, тэсвэр хатуужил, биеэ даасан байдал, санаачилга зэргийг оруулдаг. Тамирчдын зоригийн шинж төлөвшин тогтоход үндэсний ертөнцийг үзэх үзэл, ёс суртахууны өв уламжлал ихээхэн чухал үүрэгтэй. Нэн ялангуяа, ёс суртахууны хүмүүжлийн уламжлалт зохистой арга хэрэгслийг ашиглах нь ач холбогдолтой билээ.

Тамирчдад ёс суртахууны хүмүүжил олгох үйл явц чиглэсэн зорилготой байх нь түүний үр дүнг дээшлүүлэх, тогтолцоотой, харилцан уялдаатай байхад нөлөөлнө. Энэ нь дасгалжуулагчийн зүгээс тамирчдаа чухам ямар зорилгод чиглүүлэн хүмүүжүүлэх үндсэн хандлагаас хамаардаг боловч ерөнхийдөө шударга бус байдал гаргах, биеэ тоох, бүдүүлэг авирлах, бусдын хүчийг завших, хар амиа хичээх зэрэг спортын ёс суртахууны нийтлэг сөрөг хандлагуудаас сэргийлэхэд ёс суртахууны хүмүүжлийн бүхий л үйл ажиллагаа чиглэгдэх ёстой.  

undefined

Спортын бэлтгэл сургуулилтын үйл явц нь тамирчдын ёс суртахууны хүмүүжлийн туршлагын талбар болох ёстой бөгөөд түүний үр дүнг дээшлүүлэхийн тулд онолын болон дадлагын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй. Дадлага буюу бэлтгэл сургуулилтын үе дэх ёс суртахууны хүмүүжил олгох нэг онцлог нь тамирчдыг дасган хэвшүүлэх арга барил юм. Тамирчдыг дасган хэвшүүлэхдээ юуны өмнө хамт олонч ажил үйлс, шаардлага, тушаал, захирамжын хэлбэр бүхий сахилга батад дасган хэвшүүлэх шаардлагатай.

Ийнхүү спортын ёс суртахууны хүмүүжлийг олгох үйл явц нь олон талт арвин баялаг хэлбэртэй учраас түүнд дасгалжуулагчийн хүлээх үүрэг ихээхэн чухал байдаг. Дасгалжуулагч бол тамирчдад ёс суртахууны хүмүүжил гардан төлөвшүүлэгч мөн тул тэднийг бэлтгэхэд анхаарлаа хандуулах нь спортын ёс суртахууны хүмүүжлийн үндсэн угтвар нөхцөл болно.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top