Хөлбөмбөгийн хаан бол Пеле гэж ярьдаг. Бразилийн домогт хөлбөмбөгчин Эдсон Арантер до Насенментог уншигчид нэрийг нь сайн мэдэх ч үзэл бодол, туулсан амьдралыг нь төдийлөн мэдэхгүй. Түүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас хүргэж байна.
-Пеле, та багаасаа л хөлбөмбөгийг бусдаас илүү тоглож чаддагаа мэддэг байсан уу?
-Би бусад хүүхдүүдээс илүү сайн тоглодог байсан учраас тэднийг өддөг хүүхэд байлаа. Харин аав маань надад “Энд хүрээд ир. Бусад хүүхдүүдэд битгий тэгж ханд, яагаад гэвэл бурхан чамд хөлбөмбөг тоглох авъяасыг өгсөн. Чи юу ч хийгээгүй. Энэ бол бурханы бэлэг. Чи хүмүүсийг хүндлэх хэрэгтэй. Яагаад гэвэл сайн хүн, сайн эр байна гэдэг чухал. Одооноос эхлээд чи сайн хүний үлгэр жишээ байх ёстой.” гэж хэлж билээ.
-Ганцхан бурханы л өгсөн бэлэг гэж хэлж болох уу. Үргэлж шилдэг нь байна гэдэг өөрөө шаргуу хөдөлмөр биз дээ?
-Мэдээж, хөдөлмөрлөх гэдэг маш чухал. Аав маань тэрийг л хэлэх гэсэн юм. Бурхан чамд хөлбөмбөг тоглох авъяасыг өгчээ, гэхдээ энэ бол бэлэг шүү. Би хүмүүсийг хүндэлж, үлгэр жишээч байхын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн утгатай үг хэлсэн юм. Бусад тоглогчид бэлтгэлийн дараа далайн эрэг рүү явдаг байсан бол би бөмбөгөө л өшиглөдөг байсан даа.
-Таны чадвар “супер хүн”-ийн гэмээр сэтгэгдэл танд төрж байсан уу?
-Үгүй, бид бүгдээрээ л хүн биз дээ. Надад хүч чадал өгдөг ямар нэг юманд би үнэмшдэг байх хэрэгтэй. Гэхдээ миний карьерт бурханаар тайлбарлаж болохгүй маш их мөчүүд бий. Африкт тоглохоор очтол хүмүүс Пелег тоглож байгааг харах гэж ирээд дайнаа зогсоож байсан удаа бий. Тэдний дайнаа зогсоосон явдлыг бурхан тайлбарлаж чадахгүй. Яагаад гэдгийг ч би мэдэхгүй. Яагаад гэдгийг мэдэх ч боломжгүй. Гэхдээ л тэд дайнаа зогсоосон. Биднийг тоглож дуусахад, бид тэднийг орхиж, тэд тулаанаа үргэлжлүүлж билээ.
-Ямар орон байсан юм бэ?
-Нигер.
-Та өөрийгөө том амжилтанд хүрнэ гэдгээ үргэлж мэддэг байсан уу?
-Миний санадаг анхны дэлхийн аварга бол намайг 9, 10-тай байхад 1950 онд болсон тэмцээн. Миний аав хөлбөмбөгчин байлаа. Бразил, Уругвайд хожигдоход аавыгаа уйлж байхыг би хараад би бусад хүүхдүүдийн хамтаар “Тэд яагаад уйлаад байгаа юм бэ?” гэж асуутал аав маань “Бразил Дэлхийн аваргад хожигдчихлоо” гэхээр нь би “битгий уйл. Би таны төлөө Дэлхийн аваргад ялалт байгуулна аа” гэж тоглоомоор хэлж байсан юм. Найман жилийн дараа 1968 онд Шведэд болсон Дэлхийн аваргад ялсан Бразилийн багт би тоглож байсан шүү дээ.
-Муугүй шүү.
-Тайлбарлахад хэцүү л дээ. Би өөрийгөө яагаад тэнд байсныг мэддэггүй юм. Гэхдээ би сонгогдож, Бразиль ялсан. Би дөнгөж 17 настай байлаа.
-Тэр ялалт Бразилд яаж нөлөөлөх байсныг та ойлгож байсан уу?
-Гэнэт л Бразил аварга том хөлбөмбөгийн үндэстэн болж хувирсан. Бразилийг дэлхийн даяар алдартай болгосондоо би бахархаж байв. Өнөөдөр шинэ технологийн ачаар гоол оруулсан хөвгүүн камерын өмнө зогсоод “Ээж ээ, тандаа хайртай шүү” гэж хэлбэл дэлхий даяараа харж болно. Миний үед харин аав маань намайг харсан байж магад. Аав маань л биднийг ялсан гэдгийг мэдсэн байж болох юм. Гэхдээ зурагтгүй үе байсан шүү дээ. Тийм харилцаа бидэнд байгаагүй. Тэр шөнө тоглоом дуусаад, маргааш өглөө Шведийн радиод очоод Бразилийн радиогоор “Ээж ээ, бид ялсан” гэж бид хэлж байсан юм. Өнөөдөр бидний амьдрал өмнөхөөсөө ямар ялгаатай байгааг та харж болно. Гэхдээ би тэр мөчийг хэзээ ч мартахгүй.
-Хөлбөмбөгийн спортод өөр юу өөрчлөгдсөн байна?
-Тоглоом хэвээрээ байна. Гэхдээ бид мөнгө олохын тулд аялан тоглодог байсан. Нэг, хоёрдугаар сард Латин Америкаар аялан тоглож, мөнгөтэй болоод, дараа нь зундаа Европт тоглоод, мөнгө авна. Өнөөдөр спонсоруудтай болсон учраас тоглогчдод аялах хэрэгцээ байхгүй. Миний үед бид хөлбөмбөгийг хорвоо ертөнцөд толилуулдаг байсан бол одоо арай өөр болж.
-Таныг дэлхий даяар аялдаг байсан учраас хөлбөмбөг дэлхийн хамгийн том спорт болсон биз дээ.
-Энэ шалтгаанаар би залуучуудад үлгэр жишээ байж болох юм. Миний үхэх цаг нэг өдөр ирэх байлаа ч би хамгийн сайнаараа хөдөлмөрлөх гэж оролдсондоо жаргалтай байх болно. Миний спорт дэлхийд хамгийн том нь учраас надад их юм хийх боломжийг өгсөн.
-Өнөөдөр бидний дунд Пеле байна уу?
-Шинэ Пеле юу? Шинэ Пеле гэж хэзээ ч байхгүй ээ. Манай аав ээж хоёр машинаа хаачихсан учраас. (инээв )
-Ойрын өдрүүдэд таны дуртай тоглогч хэн байна?
-Сүүлийн жилүүдэд Зидан байлаа. Неймар маш сайн тоглогч, гэхдээ туршлага хуримтлуулах хэрэгтэй. Мэдээж Месси, Роналду хоёр ч гэсэн сайн. Мессиг хэн нэгэн гүйцэх хэрэгтэй, яагаад гэвэл бараг 10 жилийн турш хамгийн сайн тоглогч байлаа. Олон сайн тоглогчид байна. Гэхдээ олон нь нэг эсвэл хоёр жилийн турш гялалзаж байгаад алга болдог. Арван жил үргэлжлэх сайн тоглогчтой байна гэдэг илүү чухал.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )