Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2018 оны Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болно.
Дэлхийн цомын найман удаагийн түрүүтэй Ираны шигшээ баг оролцохоос татгалзсан билээ. Бөхийн орон Ираны бөхчүүд “А” хэсэгт зохион байгуулагч орон АНУ, 2016 оны тус тэмцээний хүрэл медальт Гүрж, Ази тивийн төлөөлөл Японы шигшээ багтай “А” хэсэгт багтсан юм. Тэгвэл тэдний оронд ДБНХ (UWW)-ноос өнгөрсөн жилийн Парисын ДАШТ-д багийн дүнгээр 11 дүгээр байрт орсон Монгол Улсын шигшээ багийг оролцохыг урьсан. Ингэснээр эрчүүд маань сүүлийн таван жил дараалан Дэлхийн цомд зодоглохоор болж байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д С.Ганбаяр, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар хүч үзэхээр болсон. Эднээс 70 кг-ын жинд АНУ-ын Мэриландын их сургуульд дасгалжуулагчаар ажилдаг, спортын мастер С.Ганбаяр, хэдхэн хоногийн өмнө Билл Фарреллийн ОУТ-д 79 кг-д зодоглосон ОУХМ Г.Идэрхүү нар тэндээсээ багийнхантайгаа нэгдэх юм.
Багийн ахлагчаар МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, албаны хүнээр П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Б.Баттулга, шүүгчээр Ц.Сэрээтэр нар ажиллах бөгөөд манай шигшээ баг маргааш эх орноосоо мордоно гэдгийг гэж МЧБХ-оос мэдээллээ.
Манай эрэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнд 10 дахь удаагаа оролцох гэж байгаа юм. Өмнө нь 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017 онд зургадугаар байрт шалгарч байсан билээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Бүгдэд нь амжилт хүсье.Сэрээтэр болимоор юм.бэртэгчин адилхан шүүгчдээ жийж өөрөө бүх тэмцээнд явж байгаа.Бөхчүүдэд гай л болдог
Бөхчүүддээ амжилт хүсье. Мандахаа маань алт аваарай
Монголын бөхчүүдээ өндөр амжилт хүсье
Zaluustaa amjilt! Aldart Dan Gable terguutei olimpi, delhiin abarguudiin olgii bolson saihan hot do? 2 jil garan amidarch bilee. Hawkei arena ta buhend eelee ogoh boltugai.