Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар "Монгол эрчүүддээ хандаж хэлсэн Өвгөдийн үг" шүлгийг сонордуулъя.
"Монгол эрчүүддээ хандаж хэлсэн Өвгөдийн үг"
Мөнх тэнгэрийн зарлиг
Монгол түмнийг сэргээлээ
Мөнхөд орших өвгөдийн сүнс
Өнгөт орчлонд үндэс угсаа минь
хэрхэн доройтсныг
Өөрийн нүдээр тольдон харлаа.
Тэнгэрлэг оронд минь манан татаад
Тэнэг хүмүүсээр дүүрсэн байнам
Сүр ихтэй Монгол хүний
Сүлд хиймор доройтсон байнам
Харанхуй бүдүүлэг ноёлж
Хаан төр гудайсан байнам
Хамаг олны толгой дээр
Харийн хөвгүүд ноёлсон байнам
ЭЭ халаг гэж...
Эсгий гэрүүд минь
Эрээн болтлоо халтартаж
Эрийн хугархай эрчүүд
Энд тэнд дайвалзан байнам
Цөст их Монгол хүний
Зүрх сэтгэл гундсан байнам
Алаг хорвоог мөнгөөр хэмжиж
Архин далайд живсэн байнам
Хүний дээд Монгол эрчүүд хаана байна?
Хүнлэг нандин Монгол эхчүүд минь хаана байна?
Хайран сайхан соёл минь хаана байна?
Халуун цусаараа бүтээсэн түүх минь хаана байна?
Бусдаас илүү их боломжыг та бүхэнд олгож
Хамаг хүнд хангалттай нутаг үлдээсэн
Миний Монголынх гээд хэлчих бүх зүйлийг
Нэгийг ч дутаахгүй та нарт өвлүүлсэн.
Дуулах дуу, дуурсах алдар
Эдлэх эрх, эрх чөлөө
Итгэл сэтгэл, эр зориг
Соёл уламжлал
Түүх шастир
Хүлэг морьд, хүчит баатрууд
Ардын ухаан, арга эв
Бүгдийг та бүхэнд үлдээсэн
Ээ халаг гэж...
Мөнх тэнгэртээ мэдүүлэхээс эмээж
Өвгө дээдсээсээ аврал эрэхгүй
Арга барахдаа харийн дээдэст мөргөж
Алтан ургаа гутаасан байна та нар.
Харийн дээдэст мөргөөд
Ивээгдэнэ гэж санасан уу?
Хураасан их өс өө
Уучилна гэж бодсон уу?
Андуурч байна та нар
Хий хоосон шашнуудад
Хэтэрхий их итгээд
Үнэн амьдралаас тасраад
Өдий хол явсан байна.
Мөнхийн тэнгэрийн хуулинд тэрсэлж
Мөдхөн сөнөх шахсан байна
Огторгуйн хуулиас төсөөрөн алсарч
Осолдож улсаа гундаасан байна.
Хөх Монгол минь одоо доройтож
Хөлөө олохгүй дотроо жийлцээд
Толгойгоо мэдэхгүй төр булаалцалдаад
Үндэс язгуур мөхөөхийн ирмэгт
Хаан Монголыг доройтуулсан эздийг
Хамгийн хатуу тэнгэрийн хуулиар гэсгээнэ!
Үр удмыг нь хүйс тэмтэрч
Үндэс угсааг таслах болно!
Жирийн нэгэн ард түмэн биш
Жинхэнэ тэнгэрийн хөвгүүдийг
Ингэж тамалж гутаасны төлөө
Ийм шийтгэл тохиох нь зөв!
Учраа мэдэж уучлал хүсч
Уул нүглээ ойлгож засах нэгэн бээр байваас
Төрсөн биеийг нь төөрүүлж
Төр түмний өмнө амийг нь хэтрүүлсүгэй
Төрсөн биеийг нь төөрүүлж
Төр түмний өмнө амийг нь хэтрүүлсүгэй
Анхлан хийсэн алдаагаа давтаж
Алтан дэлхийг хордуулан буулгаж
Атгахан амиа өндөрт тавьсан нэгний
Аминчхан биеийг хүйс тэмтэртүгэй!
Монгол нэрийг бузарласан
Солиот, согтуу бүрийн
Сүнсийг нь булаа
Сүүдэргүй болго!
Одоо сэргэх цаг ирсэн.
Орчлон дэлхийд Монголоо цуурайтуулья
Мэргэд, ухаант Монгол хүний гарт
Нэгдсэн Монголыг атгуулах болно.
Эв нэгдлийн чухлыг мэдэрч
Ингэж та бүхнийг олон зуун жил зовоов
Эхэс дээдсийн суудлаас шалбаагт унатал
Энэ Монголыг золиослож ухаан суув.
Даянг удирдах тэнгэрийн хөвүүд минь
Дайсны чинь хүч бидний үеийнхтэй адил
Аймаг омгоос эхлээд алтан дэлхийг нэгтгэсэн
Аугаа дээдсийнхээ үрс гэдгийг санацгаа!
Одоо мориндоо мордцгоо.
Сэтгэлээ нэгэн зүгт чиглүүл
Бодлоо цэгцтэй байлга!
Босоо заяагаа шүт!
Ертөнцийн хуулиар дэлхийг тэгшитгэ
Хүний сэтгэлийг хайраар тэтгэ
Итгэл гэдгийг бусдад үзүүүл
Зүтгэл гэдгийг бусдаар үнэлүүл!
Чи тэнгэрийн хөвүүн!
Үүнийг сонсоод сэтгэл чинь хөдөлж байвал
Үүнийг мэдрээд зүрх чинь догдолж байвал
Дээд тэнгэрийн сахиустайгаа мэдрээд
Дэргэдээ байгаа баатруудыгаа нэгтгээд
Алдагсан нэр хүндийнхээ төлөө
Алслагдсан Монгол түмнийхээ төлөө
Аврал нэхсэн байгал эхийнхээ төлөө
Алтан дэлхийд ноёлох Монгол заяаны төлөө
Цусаа дуустал
Хөлсөө шууртал
Ухаанаа шавхаж тэмц
Урагшаа зүтгэж тэмүүл
Сүр чинь бадарч байна хөвгүүд минь
Сүрд чинь намирч байна баатрууд минь
Сүлд чинь эгшиглэж байна Монголчууд минь
Сүнс ч биед чинь байна Монгол эрчүүд минь ээ!
Их хэнгэрэгийн дуугаар зоригыг чинь хурцалъя
Ихэс дээдсийн зарлигаар зүрхийг чинь чангалъя
Үр хүүхдийн чинь ирээдүй таны гарт байна
Үлдсэн амьдралын чинь гэрэл гэгээ таны өмнө зурайж байна
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Тийм ээ, Өвөг дээдэс минь, Гарал угсаа Цус нь Бүрхэг, Нутаг нуга нь мэдэгдэхгүй нөхдүүд Төрд маань гарч одоогийн Өвөгчүүл маань адгууснаас дор аашилж Охин үрсээн гишгэж, Хуурамж Тамга тэмдэг үйлдэж Дарга болох гэж гүйгээд Залуус бидэнд Зааж сургаж, Сургаалаа хайрлах тийм Өвгөд дээдэс маань үнэхээр дутсан үе иржээ