МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хэмжээнд амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзжээ.

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

Уулзалтын үеэр өвлийн спортын төрлийг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа зарим асуудлаар Монголын хоккейн холбооны төлөөллүүдтэй илэн далангүй ярилцаж, санал солилцов.

Тухайлбал, энэ жил тамирчид хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан мөсний бэлтгэл хийж чадаагүй,  шигшээ багийн тамирчид үндсэн ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа хангадаг, хамгийн гол нь Монголд хоккейн битүү ордон байдаггүйгээс олон улсын зарим уралдаан тэмцээнд оролцох техникийн шаардлагыг хангаж чаддаггүй гэхчлэн олон асуудалтай тулгардаг хэдий ч холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан болон хоккейн спортыг дэмжигч хувь хүн, албан байгууллагуудын дэмжлэг, зүтгэлээр ийнхүү амжилт гаргасан гэдгээ тамирчид хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний санал, сэтгэгдлийг сонссоны дараа бэлтгэлгүй, заалгүй хэдий ч өвлийн спортын төрлөөр томоохон амжилт гаргасанд маш их баяртай байгаагаа хэлж, олимпод оролцох өндөр зорилго өмнөө тавихыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд, тамирчид болоод Монголын хоккейн холбооныхон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтийг түргэн шуурхай хүлээн авч уулзсан явдалд талархаад, тамирчдын мөрөөдөж явдаг битүү ордон барих асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top