Одоогоос зургаан жилийн өмнө дэлхийн дээвэр Эверестийн оргилд Монголын хүү Г.Өсөхбаяр гарч Монгол түмнийхээ омогшлыг бадрааж байлаа. Тэгвэл ОУХМ, уулчин Б.Гангаамаа Эверестийн ноён оргилд гарч түүхэн амжилтын эзэн боллоо. Тэр бол Эверестийн оргилд гарсан анхны Монгол эмэгтэй уулчин төдийгүй хоёр дахь Монгол хүн болж байгаа юм. Тэрбээр өчигдөр өглөөний 10 цагийн үед сансрын холбоо ашиглан энэхүү баярт мэдээг дуулгасан байна. ОУХМ Б.Гангаамаа 2011 оны дөрөвдүгээр сарын 4-нд Эверестэд авирахаар эх ороноосоо мордсон байна. Тэрбээр ОХУ-ын “Seven Summit” багийнхны бүрэлдэхүүнд багтан авиралтаа эхлүүлж, зорилгоо амжилттай биелүүлсэн байна. Б.Гангаамаа 2007 онд МУГТ Г.Өсөхбаярын ахалсан Монголын эмэгтэй уулчдын багийнхны хамт Эвереэстэд анхны авиралтаа хийж байжээ. Гэвч тухайн үед эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмэгтэй уулчид авиралтаа зогсоож байсан юм. Харин МУГТ Г.Өсөхбаяр Эверестийн оргилд хоёр дахиа амжилттай авирч байв. Тэгвэл ОУХМ Б.Гангаамаа анхны авиралтаасаа дөрвөн жилийн дараа дахин дэлхийн дээврийг зорьж, эх орныхоо Төрийн далбааг Эверестийн ноён оргилд мандуулж чадлаа. ОУХМ Б.Гангаамаа энэхүү авиралтыг ивээн тэтгэсэн “Mongolian Expeitions” компанитай холбогдохдоо “Манай багийнхан Эверестийн оргилд гарлаа. Өчигдөртөө холбоо барих боломж байсангүй. Яг одоо уруудаад 7000 метрийн өндөр дээр ирээд байна. Өнөөдөртөө багтаж 6000 метрт очих байх. Нэлээд ядарлаа” гэжээ. Бид энэ талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Б.Сараа.
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )