БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо 2018 оны даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болж байна. Зургаан насны ангиллаар зохиогдож буй тус тэмцээнд Монгол Улсаас 67 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд таван тойргийн дараах байдлаар дэлхийн даамны холбооны их мастер Ц.Отгонбилэг Хятадын тамирчин Пан Иминий хамтаар 8 оноотой тэргүүлж байна. Харин эмэгтэйчүүдийг БНХАУ-ын их мастер Жан Ю зуун хувийн амжилтаар өнгөлж явна.
Мөн U-8 насны хөвгүүдийн ангилалд З.Аргабилэг (СХД) I, U-11 насны охидын ангилалд Ц.Мягмарсүрэн (Увс) II, Г.Марал (БЗД) III, U-14 насны охидын ангилалд Д.Даваадэжид (Хөвсгөл) III, хөвгүүдийн ангилалд А.Дашчирэв (42-р сургууль) II, U-17 насны охидын ангилалд Г.Дүүрэнбилэг (Хэнтий) I, Л.Уранмөнх (42-р сургууль) III, хөвгүүдийн ангилалд Б.Түвшин (Дорноговь) I, С.Мөнх-Оргил (Өмнөговь, "Хасу-Мегастарс") II, U-20 насны охидын ангилалд Э.Хүслэн (Дорноговь, "Алтан хүү") I, Б.Мишээл (БЗД) II, хөвгүүдийн ангилалд Б.Пүрэвжаргал (Дорноговь) II байрт бичигдэж байна.
Тэмцээний дэлгэрэнгүй дүнг Азийн даамын холбооны албан ёсны вэб хуудас http://www.asiadraughts.org сайтаас үзнэ үү.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )