Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг Зохион байгуулах Үндэсний хорооны хуралд тус хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцлоо.
Зохион байгуулах Үндэсний хороо нь Үндэсний бөх, Хурдан морь, Үндэсний сур, Шагайн харваа, Төрийн ёслол, үйлчилгээ, Урлаг соёлын арга хэмжээ, Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээ, Хэв журам, Хэвлэл мэдээлэл сурталчилгааны гэсэн есөн салбар хороотой байх бөгөөд хурлаар салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа.
Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хөтөлбөрийн төслийг сонгон шалгаруулах ажлын удирдамжийг баталлаа. Энэхүү удирдамжийн дагуу баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа, хүндэтгэлийн концертын найруулагчдын багийг сонгон шалгаруулах юм. Монгол Улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой. Төслийг энэ оны тавдугаар сарын 15-ны өдөр БСШУСЯ-нд бүртгэн хүлээж авах юм байна.
Монгол Улсын Шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин,
-Монгол түмэн цагаан сар, наадмаа өргөн дэлгэр хийж, зохион байгуулалттай болбол сайхан цаг ирж байна гэж бэлгэшээж, дараа жилийн цагаан сар, наадам хүртэл ярилцдаг. Иймд зохион байгуулах хорооны төлөвлөгөөнд тусгагдсан болон төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадын бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг салбар хороодын дарга нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЗАВТАЙ Л ЛАЛАРУУД БАЙГААМ БНАЫ