Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар ”Би-талын хөх чоно”

2018 оны 04 сарын 28

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын "БИ - ТАЛЫН ХӨХ ЧОНО" шүлгийг сонордуулъя.

БИ - ТАЛЫН ХӨХ ЧОНО

Би-талын хөх чоно! 
Сур шиг сунаж, 
Сухай шиг улайж, 
Эрчит дөрвөн хөлөөрөө 
Ээрэм талыг гаталж 
Агт сайн морьдын туурайг сульдааж 
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж 
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн

Би-талын хөх чоно! 

Хуйлрах их хөндийг төмөр хүлгээр туучин 
Хурдан буутай эрс алах гэж занана 
Арьсыг минь хуулахын төлөө л ухаант хүн 
Араатан намайг зогсоо зайгүй мөрденө..

Байгаль намайг төрүүлж, байдал төрхийг минь урлаж 
Байгаа биеийнхээ чадлаар амь зуух болгосон! 
Гэвч хүн намайг үзэн ядна, хаа ч явсан 
Гэтэж алахыг завдана, үл өрөвдөнө!

Өдер бүр үхэлтэй амь дүйж, өл залгана би 
Өртөө  газар давхиад ч заримдаа хоосон!... 
Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино 
Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна!

Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ 
Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино 
Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг 
Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдрэнэ 

Хорвоо дээр би чоно болж төрөөд 
Хорсол заналыг хэн бүхэнд төрүүлж, 
Өвлийн шөнө цасан дээр цонхигор сарыг ширтэн 
Өлсөхийн зовлонд ульж байхад уулс дагжина

Эрийн чадлаар амьдардаг хээрийн хөх чоно 
Эрх чөлөөг туйлгүй хүсэх яруу найрагчтай ижил! 
Төрөлхийн зэрлэг араншингаараа би 
Төмер хавхтай хөлөө ч тас хазаж явсан !

Тамын зовлонг биеэр эдэлсэн миний 
Тасарсан хөл минь тэр жалганд хоцорсон ! 
Цагаан цасан дундуур улаан цусаа цувуулсаар 
Цаашлаад зугтсан гурван хелтэй намайг

Хүн - араатнууд тасралтгүй мөрдөж 
Хүйтэн жавар дундуур машинтай гаа элдсэн ! 
Эцсийн агшиндаа би эргэж дайрахыг завдсан ч 
Энэ л удаа эрлэг намайг өршөөж 
Эрэг рүү тэд тэрэгтэйгээ уналаа !...

Би-талын хөх чоно! 
Биеэр минь салхи нэвт шуурч 
Өл залгахын эрхэнд явсаар 
Өрөөсөн хөпөө алдав ...

Элчилгүй талын араатан намайг 
Зэрлэг гэж нэрлэсэн нь 
Этгээд гажуу сонсогдоно 
Энэрлийг мэдэхгүй хүмүүс 
Надаас илүү зэрлэг!

Ад үзэгдэж 
Амьд явахын зовлонг 
Ясны найрагч л 
Яг чоно шиг мэднэ

Буруу хэрнээ буруутанг 
Бурхан тэнгэр минь өршөө! 

Сайхан амьд явж чадахгүй бол 
Сайхан үхэж чадах авьяас 
Сарны доор яруу найрагч 
Сац бас чононд л заяасан

Би-чоно! 
Би хүн шиг сэтгэж 
Биеэ хайрлаж, үзэн ядаж 
Бас яруу найрагч шиг ганцаарднам

Намайг хэн ч үл өрөвдөнө 
Нартаас үтэр тонилгохыг завдана 
Бурхнаас оноосон хоног хугацаагаа эдлэх 
Буруугүй хэрнээ буруутан чоно би

Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж 
Хэрчлээт уулсыг дагжтал ульж явна!...

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нямдагаа(43.242.243.240) 2018 оны 04 сарын 28

ТЭНГЭР ШИГ БАЙ. . . 9

0  |  0
Нямдагаа(43.242.243.240) 2018 оны 04 сарын 28

ТЭНГЭР ШИГ БАЙ. . . 9

0  |  0
Зочин(202.131.230.74) 2018 оны 04 сарын 28

Үнэхээр гайхамшигтай сод хүн байж билээ хөөрхий

0  |  0
Top