Орос эрчүүд нутагтаа зургаан алтан медаль хүртэв

2018 оны 05 сарын 08
Бөхийн төрлүүдийн 2018 оны насанд хүрэгчдийн ЕАШТ дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-нд ОХУ-ын Каспийск хотын Али Алиевын нэрэмжит спортын ордонд боллоо. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 68 дахь удаагийн тэмцээнд ОХУ, Армен, Австри, Азербайжан, Беларусь, Болгар, Хорват, Чех, Дани, Испани, Эстонии, Финланд, Франц, Гүрж, Герман, Грек, Унгар, Израиль, Итали, Латви, Литва, Молдав, Македон, Голланд, Норвеги, Польш, Португал, Румын, Словени, Серби, Швейцарь, Словак, Швед, Турк, Украин гэсэн 35 орны 148 тамирчин 10 жинд өрсөлдөв. Дагестаны дэвжээнд Туркийн Таха Акгуль тав, Сонер Демирташ, Азербайжаны Георгий Эдишерашвили гурав, Гажи Алиев, ОХУ-ын Абдулрашид Садулаев, Магомед Курбаналиев, Гажимурад Рашидов хоёр, Ахмед Гажимагомедов, Артур Найфонов, Владислав Байцаев нар анх удаа түрүүллээ.

125 кг-ын жинд өнгөрсөн жилийн Парисын ДАШТ-ий шигшээ барилдаанд гал гарсан барилдааныг үзүүлсэн Туркийн Таха Акгуль, Гүржийн Гено Петриашвили нарын Каспийскийн финал бөх сонирхогчдыг анхаарлыг зүй ёсоор татаж байсан бөгөөд турк эр 2:1-ээр ялалт байгуулсан. 

65 кг-д Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гүржийн нэрт бөх Владимир Хинчегашвили 1/4 шигшээд өнгөрсөн жилийн Европын аварга Ильяс Бекбулатовт 0:6-аар ялагдсан. Түүнийг ялсан Бекбулатов алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн гурван удаагийн аварга, Азербайжаны Гажи Алиевт 7:8-аар ялагдсан. Алиев барилдаан өндөрлөхөд минут гаруй хугацаанд өрсөлдөгчдөө 2:7-гоор ялагдаж явсан ч сүүлийн хором хүртэл ажилласаар ялалт байгуулсан юм. 57 кг-д эзэн орны Заур Угуев шигшээ барилдаанд Азербайжаны хашир туршлагатай бөх Эдишерашвилид сүүлийн мөчид ялагдаж мөнгөн медаль хүртсэн.

Image may contain: 1 person

Зохион байгуулагч орон Оросын эрэгтэй бөхчүүд нутагтаа 10 жингийн зургаад нь түрүүлснээс гадга хоёр мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр тасархай тэргүүлэв. 74 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетиг Цаболов медальгүй үлдсэн. Түүний хувьд 1/4 шигшээд Франк Чамизод цэвэр даруулж, итали эр хагас шигшээд Туркийн Демирташт 3:3-аар дийлдснээр осет залууд дагах боломж гараагүй. Хүнд жинд Мурадин Кушхов хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Жамаладдин Магомедовт 0:3-аар ялагдав.

Оросууд хамгийн сүүд 12 жилийн өмнө Москвад болсон ЕАШТ-д долоон жингийн зургаад нь түрүү авч байжээ. Өнгөрсөн жил Парисын ДАШТ-д түүхэндээ байгаагүй тааруухан оролцож, аваргагүй буцсан тэд нутагтаа болсон ЕАШТ-д ихэнх шилдгүүдээ зодоглуулсан юм. Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр Азербайжаны бөхчүүд (2 алт+2 мөнгө+3 хүрэл) аман хүзүүдэж, Турк (2+0+3) гутгаар байрт оров.

Image may contain: 1 person, smiling, outdoor

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

57 кг: 1. Георгий Эдишерашвили (Азербайжан) 2. Заур Угуев (ОХУ) 3. Владислав Андреев (Беларусь), Стеван Мичич (Серб)
61 кг: 1. Гажимурад Рашидов (ОХУ) 2. Бека Ломтадзе (Гүрж) 3. Режеп Топал (Турк), Иван Гуйдя (Румын)
65 кг: 1. Гажи Алиев (Азербайжан) 2. Ильяс Бекбулатов (ОХУ) 3. Селахаттин Киличсалаян (Турк) Владимер Хинчигашвили (Гүрж)
70 кг: 1. Магомед Курбаналиев (ОХУ) 2. Магомедмурад Гаджиев (Польш) 3. Зураби Якобишвили (Гүрж), Муртазали Муслимов (Азербайжан)
74 кг: 1. Сонер Демирташ (Турк) 2. Зелимхан Хажиев (Франц) 3. Франк Чамизо (Итали), Андрей Карпач (Беларусь)
79 кг: 1. Ахмед Гажимагомедов (ОХУ) 2. Мартин Обст (Герман) 3. Жабраил Хасанов (Азербайжан), Михали Наги (Унгар)
86 кг: 1. Артур Найфонов (ОХУ) 2. Александр Гостиев (Азербайжан) 3. Сандро Аминашвили (Гүрж), Шамиль Кудиямагомедов (Итали)
92 кг: 1. Абдулрашид Садулаев (ОХУ) 2. Шариф Шарифов (Азербайжан) 3. Сердар Боке (Турк), Кирилл Мешков (Украин)
97 кг: 1. Владислав Байцаев (ОХУ) 2. Александр Гуштын (Беларусь) 3. Нурмагомед Гажиев (Азербайжан), Элизбар Одикадзе (Гүрж)
125 кг: 1. Таха Акгуль (Турк) 2. Гено Петриашвили (Гүрж)3. Роберт Баран (Польш), Жамаладдин Магомедов (Азербайжан)

Image may contain: 1 person, outdoor

Image may contain: 1 person, outdoor

Image may contain: 1 person

Image may contain: 1 person, outdoor

Image may contain: 1 person, playing a sport

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top