Бөхийн төрлүүдийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2018.05.10-нд Узбекистаны нийслэл Ташкентэд эхэлсэн.
Өчигдөр чөлөөт бөхийн охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаан болжээ. Манай улсаас охидын 40 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Батсайханы Номун, 69 кг-д Архангай аймгийн тамирчин Ганболдын Намуунцэцэг нар мөнгө, 61 кг-д Завхан аймгийн тамирчин Батхуягийн Оюунгэрэл хүрэл медаль хүртсэн гэж МЧБХ-оос мэдээллээ.
40 кг-д Б.Номун хэсгийн барилдаанд Энэтхэгийн Светег цэвэр, Казахстаны Марал Тангарбергеноваг 9:2-ээр, хагас шигшээд Японы Коконэ Йокохамаг 8:4-өөр, эзэн орны Миножахон Самиевад цэвэр ялагдсан аж.
61 кг-д Б.Оюунгэрэл хэсэгтээ БНХАУ-ын Зао Кинийг 9:2-оор ялсан ч Энэтхэгийн Аншу Аншуд 1:4-өөр ялагджээ. Хагас шигшээд Японы Рүка Натамид 0:4-ээр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Агсунгул Азизоваг цэвэр ялсан байна.
69 кг-д Г.Намуунцэцэг хэсгийн барилдаанд БНХАУ-ын Зан Менгвейд 0:4-өөр ялагдсан ч Японы Риерү Одаг 2:1-ээр ялжээ. Хагас шигшээд Энэтхэгийн Аншу Гужжарыг 7:4-өөр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Хятадын Зан Менгвейд дахин таарч оноогоор цэвэр ялагдсан аж.
46 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Алтанцэцэгийн Отгонзаяа, 53 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Мөнхбатын Пүрэвтунгалаг нар хэсэгтээ нэг ялж, хоёр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Өнөөдөр хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээрээс долоо нь “Буэнос-Айрес-2018” дэлхийн өсвөр үеийн олимпийн наадмын эрх олгох жин юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )