“МОНГОЛИА ОПЕН” ОУТ-ИЙ ТҮҮХ

2018 оны 06 сарын 08

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны дэлхийн чансааны оноо олгох “Монголиа Опен” олон улсын уламжлалт тэмцээн энэ амралтын өдрүүдэд (VI.09-10) Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно.

Чөлөөт бөхийн олон улсын тэмцээн манай оронд 1972-1990 он хүртэл “Интернациональ”, Ах дүү найрамдалт орнуудын "Нөхөрлөл", 1991-2005 он хүртэл “Монгол говь” нэртэйгээр тасралтгүй зохион байгуулагдсан. Түүнчлэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдов, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулсан түүхтэй.

Тэгвэл ДБНХ-ны календарт багтдаг “Монголиа Опен” тэмцээнийг 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон явуулсаар өдгөө найм дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тус тэмцээнийг анх санаачилж, онцгой хувь нэмэр оруулсан эрхэм бол 1990 оны Сиэтлийн Сайн санааны тоглолтын аварга, 1986, 1987 оны Дэлхийн цомын мөнгө, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Интернациональ” ОУТ-ий хошой аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ Халтмаагийн Баттуул юм. Түүний удирддаг “Женко” группийн хамт олон “Монголиа Опен”-ий анхны болон удаах жилийн тэмцээнийг ивээн тэтгэж, олимп, ДАШТ-ий медальтай дэлхийн шилдэг бөхчүүдийг эх орондоо урьж авчирч, Монголын бөхчүүдтэйгээ туршлага солилцуулсан нь энэхүү тэмцээнийг нэр хүнд, цар хүрээг өндөрт өргөх эхлэлийг тавьсан.

“МОНГОЛИА ОПЕН-2011”
“Монголиа Опен” анхдугаар тэмцээн 2011 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болсон. Анхдугаар тэмцээнийг Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулж, Улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог болсон бөгөөд Монгол, АНУ, Франц, Тайвань, ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан гэсэн найман орны 289 бөх хүч үзэв.

“Лондон-2012” олимпийн алт, “Рио-2016” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын Наталья Воробьева, “Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт АНУ-ын Хелен Марулис, дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грей, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, 2008 оны дэлхийн аварга, Пан-Америкийн таван удаагийн аварга Кларисса Чун, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Пан-Америкийн дөрвөн удаагийн аварга Елена Пирижкова, ДАШТ-ий гурван мөнгөн медальт ОХУ-ын Ирина Ологонова, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОХУ, Румыний бөх Альберт Саритов, ДАШТ-ий мөнгө, хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Францын Боубреймм Ванес нарын тэргүүтэй дэлхийн шилдгүүд Улаанбаатарын дэвжээнд зодоглосон юм.

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, гавьяат тамирчин Ц.Энхжаргал АНУ-ын Кларисса Чун, Боубреймм Ванесийг, гавьяат тамирчин О.Насанбурмаа АНУ-ын Елена Пирижкова, гавьяат тамирчин С.Батцэцэг нарын хүчтэй өрсөлдөгчдөө ялж, анхдугаар тэмцээний аварга болсон юм. Хожим ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж, гавьяат тамирчин болсон С.Цэрэнчимэд 16 настайдаа “Монголиа Опен”-д үзүүрлэж, бөхийн хорхойтнуудыг баярлуулж байв. “Монголиа Опен”-ийг санаачилагч “Женко” клубийн ерөнхийлөгч, чөлөөт бөхийн ОУХМ Х.Баттуул олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн чөлөөт бөхийн үе үеийн шилдэг тамирчид болон шигшээ багийг удирдаж явсан гавьяат дасгалжуулагчид хүндэтгэл үзүүлж, тус бүр нэг сая төгрөгийн батламж, цомыг дурсгал болгосон юм.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 55 кг: Д.Цогтбаатар, 60 кг: Г.Мандахнаран, 66 кг: Б.Батзориг, 74 кг: П.Өнөрбат (бүгд Монгол), 84 кг: Альберт Саритов (ОХУ), 96 кг: Н.Золбоо, 120 кг: Ж.Чулуунбат (хоёул Монгол), эмэгтэйчүүдийн 48 кг: Ц.Энхжаргал, 51 кг: Д.Отгонцэцэг (хоёул Монгол), 55 кг: Хелен Марулис (АНУ), 59 кг: Аделин Вескан (Франц), 63 кг: О.Насанбурмаа (Монгол), 67 кг: Аделине Грей (АНУ), 72 кг: Наталья Воробьева (ОХУ)

“МОНГОЛИА ОПЕН-2012”
Хоёр дахь удаагийн тэмцээн 2012 оны нэгдүгээр сарын 14-15-нд болж, Монгол, ОХУ, АНУ, БНАСАУ, БНХАУ, Болгар, Вьетнам, Казахстан, Киргизстан, Тажикистан, Куба, Украин, Япон гэсэн 13 орны 186 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жинд өрсөлдсөн. Өмнөх жил нь Улаанбаатарын дэвжээнд зодоглосон олимп, дэлхийн аварга Наталья Воробьева, Кларисса Чун дээр ДАШТ-д хоёр удаа түрүүлж, таван удаа үзүүрлэж, хоёр хүрэл медаль хүртсэн АНУ-ын Кристи Дэвис, дэлхийн аварга Болгарын Радослав Великов, Михал Ганев, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Тажикистаны Юсуп Абдусаламов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Кубын Ливан Лопес Азкүй, ДАШТ-ий хошой хүрэл медальт Японы Йошико Иноүэ нар нэмэгдсэн. Красноярскын бүсгүй Наталья Воробьева “Монголиа Опен”-д хоёр жил дараалан түрүүллээ. Түүнийг тэр зун нь Лондоны олимпийн дэвжээнд аваргалсныг бид бүхэн мэднэ. Түүнээс гадна гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Б.Батзориг, Ж.Чулуунбат нар аваргаа хамгаалсан түүхтэй.

“Монголиа Опен”-ий санаачилагч ОУХМ Х.Баттуул 1980-1990-ээд оны үед нэг жинд хүч үзэж явсан олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга Сергей Белоглазов, олимпийн хошой мөнгө, ДАШТ-ий мөнгө, Азийн аварга Мохаммедиан Аскари, “Барселон-1992” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн аварга Ким Ён Сик (БНАСАУ), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Европын аварга Георгий Калчев нарыг урилгаар авчирч хүндэтгэл үзүүлсэн юм. Ингээд "Монголиа Опен" ОУТ-ий түүхэн замналыг хүргэе.

АВАРГУУД: 
Эрэгтэйчүүдийн 55 кг: Т.Даваахуяг, 60 кг: Г.Мандахнаран, 66 кг: Б.Батзориг, 74 кг: Д.Гомбодорж (бүгд Монгол), 84 кг: Юсуп Абдусаламов (Тажикистан), 96 кг: Михаил Ганев (Болгар), 120 кг: Ж.Чулуунбат (Монгол), эмэгтэйчүүдийн 48 кг: Минори Акео (Япон), 51 кг: Э.Даваачимэг, 55 кг: Б.Номин-Эрдэнэ (хоёул Монгол), 59 кг: Келсей Кэмпбелл (АНУ), 63 кг: С.Батцэцэг (Монгол), 67 кг: Йошико Иноүэ (Япон), 72 кг: Наталья Воробьева (ОХУ)

“МОНГОЛИА ОПЕН-2013”
Гурав дахь удаагийн тэмцээн тавдугаар сарын 11-12-нд боллоо. Тэмцээнд Монгол, БНСУ, БНХАУ, Болгар, ОХУ, Япон, Казахстан, Киргизстан гэсэн найман орны 157 бөх зодоглов. Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, тухайн үед Киргизстаны нэрийн дор барилдаж байсан, буриад бөх Базар Базаргүриевийг (саяхан олимпийн медалийг түүнд нөхөн олгохоор болсон), эс тооцвол гаднаас тун даруухан амжилттай бөхчүүд Улаанбаатарын дэвжээнд хүч үзсэн. 

Бакугийн “Алтан Гранпри”-д түрүүлж байсан даруухан амжилттай япон бүсгүй Анна Ивамүрэ 48 кг-ын жинд түрүүлж үлдсэн бүх жингийн алтан медалийг манайхан хүртсэн. Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Ж.Чулуунбат нар гурван жил дараалан хэнд ч тахимаа өгөөгүй бол гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа нар хошой аварга болж байв. Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд ОУХМ Б.Анхбаяр тухайн жилээс жин өгсч барилдсан бөгөөд “Монголиа Опен”-д П.Өнөрбат, Д.Гомбодорж нарын шилдгүүдийг ялж анх удаа түрүүлж байсан бол 86 кг-д ОУХМ П.Өсөхбаатар-О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 72 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Б.Одончимэг нарын шигшээ барилдаан уулга алдуулсан сонирхолтой болж байв.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 55 кг: Б.Номин, 60 кг: Б.Нэмэхбаяр, 66 кг: Г.Мандахнаран, 74 кг: Б.Анхбаяр, 84 кг: П.Өсөхбаатар, 96 кг: Ч.Ганзориг, 120 кг: Ж.Чулуунбат (бүгд Монгол), эмэгтэйчүүдийн 48 кг: Анна Ивамүрэ (Япон), 51 кг: Э.Сумъяа, 55 кг: П.Орхон, 59 кг: Т.Мөнхтуяа, 63 кг: С.Батцэцэг, 67 кг: О.Насанбурмаа, 72 кг: О.Бурмаа (бүгд Монгол)

“МОНГОЛИА ОПЕН-2014”
Дөрөв дэх удаагийн тэмцээн гуравдугаар сарын 1-2-нд болж, Монгол, ОХУ, Япон, Болгар, АНУ, Тажикстан, Киргизстан, Казахстан, БНАСАУ, БНХАУ гэсэн 10 орны 165 бөх ДБХ-ны шинэчлэгдсэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хүч үзсэн. Дэлхийн шилдгүүдээс ДАШТ-ий мөнгөн медальт Хан Кум Ок (БНАСАУ), анхны тэмцээнд ирж түрүүлсэн Альберт Саритов (ОХУ, Румын), өмнөх жил нь ирж хүрэл медальтай буцсан Базар Базаргүриев (Киргизстан), Азийн хошой аварга Хироэ Сүзүки (Япон) тэргүүтнүүд Улаанбаатарт зодоглосон. 2014 оны тэмцээний манай шилдгүүдээс гавьяат тамирчин С.Батцэцэг, Ц.Энхжаргал, Д.Отгонцэцэг нар өнжсөн. 

Эрэгтэйчүүдийн хөнгөн хоёр жинд Якутын Виктор Рассадин, Тимур Пестеров нар түрүүлсэн. Манай хөнгөн жингийн шилдгүүдийн хэн ч якут залуусыг бараагүй. 84 кг-д Красноярскын Альберт Саритов хоёр дахиа түрүүлэхдээ бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан. Түүнээс манай ОУХМ П.Өсөхбаатар хоёр оноо салгаж байв. Өмнөх гурван тэмцээнд 60, 66 кг-д түрүүлсэн Г.Мандахнаран гавьяат шинэ жинд 70 кг-д анх удаа зодоглон дөрөв дэхээ түрүүгээ авч, “дархан аварга” болжээ. Эрэгтэйчүүдийн хүнд жинд дотооддоо ялагдал гээчийг мэдрээгүй нэлээд хэдэн жилийн нүүр үзээд байсан ОУХМ Ж.Чулуунбатыг нутгийн дүү Н.Золбоо ялж, хойшид түүнийг орыг залгах хүчтэн гэдгээ харуулсан юм.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 57кг: Виктор Рассадин, 61 кг: Тимур Пестеров (хоёул ОХУ), 65 кг: Б.Батмагнай, 70 кг: Г.Мандахнаран (хоёул Монгол), 74 кг: Аманессен Аманессен (Казахстан), 86 кг: Альберт Саритов (ОХУ), 97 кг: Д.Хүдэрбулга, 125 кг: Н.Золбоо (хоёул Монгол), эмэгтэйчүүдийн 48 кг: Жон Хиан Нам (БНАСАУ), 53 кг: Юки Икэгамэ (Япон), 55 кг: Хан Кум Ок (БНАСАУ), 58 кг: Б.Шоовдор, 60 кг: С.Цэрэнчимэд, 63 кг: О.Насанбурмаа, 69 кг: Б.Одончимэг (бүгд Монгол), 75 кг: Хироэ Сүзүки (Япон)

“МОНГОЛИА ОПЕН-2015”
Тав дахь удаагийн тэмцээнд гуравдугаар сарын 28-29-нд болж, Монгол, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, АНУ, Казахстан, Киргизстан, Бразил, Беларусь, Польш, Франц, Герман гэсэн 13 орны 206 бөх өрсөлдсөн. Улаанбаатарын дэвжээнд чөлөөт бөхийн эх орон АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг үнэхээр хүчирхэг бүрэлдэхүүнээ ирүүлсэн бөгөөд дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэйгээс бусад бүх шилдгүүдээ манайд ирүүлсэн. Сэм авгын Хелен Марулис “Монголиа Опен”-ий хоёр дахиа өнгөлж, намар нь Лас-Вегасын ДАШТ-д торолгүй түрүүлж, хойтон жил нь Риогийн олимпийн наадамд домогт Саори Ёшидаг ялж, алтан медаль хүртсэнийг бид мэднэ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д хүрэл медаль хүртсэн Японы Рэй Хэгүчи жилийн дараа Риод хөнгөн жингийн ихэнх шилдгүүдийг замдаа “нураасаар” үзүүрлэж, эмэгтэйчүүдийн 69 кг-д түрүүлсэн Казахстаны Эльмира Сыздыкова, 63 кг-д хүрэл медаль хүртсэн Екатерина Ларионова нар хүрэл медаль хүртсэн. Тав дахь удаагийн тэмцээнд Монгол ес, АНУ, ОХУ, Казахстан тус бүр хоёр Японы бөхчүүд нэг жинд түрүүлэв.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 57кг: Э.Бэхбаяр, 61 кг: Б.Нэмэхбаяр, 65 кг: Г.Мандахнаран (бүгд Монгол), 70 кг: Арсалан Будажапов (ОХУ), 74 кг: Д.Гомбодорж (Монгол), 86 кг: Ацүши Мацүмото (Япон), 97 кг: Доржхандын Хүдэрбулга (Монгол), 125 кг: Балдан Цыжипов (ОХУ), эмэгтэйчүүдийн 48 кг: Татьяна Аманжол (Казахстан), 53 кг: Д.Отгонцэцэг, 55 кг: П.Орхон (хоёул Монгол), 58 кг: Хелен Марулис (АНУ), 60 кг: Т.Мөнхтуяа, 63 кг: С.Батцэцэг (хоёул Монгол), 69 кг: Эльмира Сыздыкова (Казахстан), 75 кг: Жаклин Маскаро (АНУ)

“МОНГОЛИА ОПЕН-2016”
Зургаа дахь удаагийн тэмцээн гуравдугаар сарын 5-6-нд болж, Монгол, ОХУ, БНХАУ, Индонез, Казахстан гэсэн таван орны 170 бөх хүч үзэв. Урьд жилүүдийн “Монголиа Опен”-ийг бодвол харьцангүй цөөн орны бөхчүүд зодоглосон. Үүнээс хэдхэн хоногийн дараа Казахстаны Астанад Риогийн олимпийн Азийн бүсийн эрх олгох тэмцээн, дөрөвдүгээр сарын дундуур Улаанбаатарт Риогийн эрх олгох Дэлхийн эхний шатны тэмцээн болсон нь оролцох тамирчдын тоонд нөлөөлсөн. Монголчууд нутаг дээрээ 16 жингийн 14-т тэргүүлсэн бол зочдоос Сакен Айтжанов (Казахстан) 74 кг-д, Балдан Цыжипов (ОХУ) 125 кг-д аваргалсан юм. Казах эр П.Өнөрбат, Д.Гомбодорж, Б.Анхбаяр нарын шилдгүүдийг эзгүйд “сэмхий”-г ашиглан түрүүлсэн бол манайхны эчнээ танил Буриадын Балдаж Цыжипов Ж.Чулуунбат, Н.Золбоо, Р.Пүрэвдагва нарын манай хүнд жингийн “луугарууд”-ыг ялж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан. 
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран “Монголиа Опен”-д зургаан жил дараалан хэнд ч тахимаа өгөөгүй. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 63 кг-д монголчууд харийнханд түрүүгээ алдаагүй яваа. Энэ жинд гавьяат тамирчин С.Батцэцэг дөрөв, О.Насанбурмаа хоёр удаа түрүүлжээ.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 57кг: Э.Бэхбаяр, 61 кг: Т.Түвшинтулга, 65 кг: Г.Мандахнаран, 70 кг: Д.Алтангэрэл (бүгд Монгол), 74 кг: Сакен Айтжанов (Казахстан), 86 кг: Л.Төртогтох, 97 кг: Д.Хүдэрбулга (хоёул Монгол), 125 кг: Балдан Цыжипов (ОХУ), эмэгтэйчүүдийн 48 кг: Ц.Энхжаргал, 53 кг: Д.Отгонцэцэг, 55 кг: Э.Даваачимэг, 58 кг: С.Цэрэнчимэд, 60 кг: Б.Нямгэрэл, 63 кг: С.Батцэцэг, 69 кг: Ш.Түмэнцэцэг, 75 кг: Г.Наранчимэг (бүгд Монгол)

“МОНГОЛИА ОПЕН-2017”
Долоо дахь удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-нд болж, Монгол, Канад, ОХУ, Казахстан, Венесуэль, БНХАУ, БНСУ гэсэн долоон орны 182 тамирчин (эрэгтэй 107, эмэгтэй 75) хүч үзэв. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д Д.Гомбодорж, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д А.Батцэцэг, 63 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг нар жин тус бүртээ аваргалсан юм. Арван алтан медалиас гадна Монголын бөхчүүд зургаан мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн. Харин хойд хөршөөс С.Терешенко, Е.Жербаев, Б.Цыжипов, В.Чепсаракова алтан медаль зүүсэн. Түүнчлэн хамгийн холоос манай оронд хүрэлцэн ирж, тамирчдаа оролцуулсан Венесуэль болон урд хөрш БНХАУ-ын бөхчүүд тус бүр нэг жинд аваргалж байв. ӨМӨЗО-ы бөхчүүд “Монголиа Опен” анхдугаар тэмцээнээс хойш жил бүр тамирчдаа илгээдэг ч хараахан түрүүлж амжаагүй явсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд Чандганацагаан хэмээх бүсгүй аваргалж байв. Өмнөх зургаан тэмцээнд “босоо” байсан гавьяат тамирчин Г.Мандахнаран анх удаа тахимаа өглөө. Тэрбээр Буриадын бөх Евгений Жербаевт ялагдсан юм.

АВАРГУУД:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.Бэхбаяр, 61 кг: Т.Түвшинтулга (хоёул Монгол), 65 кг: Семен Терешенко, 70 кг: Евгений Жербаев (хоёул ОХУ), 74 кг: Д.Гомбодорж, 86 кг: П.Өнөрбат (хоёул Монгол), 97 кг: Хосе Диас (Венесуэль), 125 кг: Балдан Цыжипов, эмэгтэйчүүдийн 48 кг: Валерия Чепсаракова (хоёул ОХУ), 53 кг: Г.Отгонжаргал, 55 кг: Э.Даваачимэг, 58 кг: А.Батцэцэг, 60 кг: Э.Гантуяа (Монгол), 63 кг: П.Орхон (Монгол), 69 кг: Ш.Түмэнцэцэг (бүгд Монгол), 75 кг: Чандганацагаан (БНХАУ)

 

 

 

Монголын Чөлөөт Бөхийн Холбоо


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top