Зүүн Азийн жүдо бөхийн холбооны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын тушаалаар 2018 оны Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг 2018 оны зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон юм.
Энэ тэмцээнд БНСУ болон БНАСАУ-ын тамирчид хоёр дахь өдрийн багийн төрлийн тэмцээнд нэг далбаан дор өрсөлдөхөөр болсон юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Төрийн ордонд тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон БНСУ-ын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чул, БНАСАУ-ын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Вон Кёонг Ил, тэмцээнд оролцож буй тамирчид мэдээлэл өгөв.
Мэдээллийн эхэнд Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
“Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Зүүн Азийн жүдо бөхийн холбооны шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотод Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гарч, маргааш тэмцээн эхлэх гэж байна.
Энэ тэмцээнд Монгол, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Тайвань, Макао, Хонконг зэрэг найман орны 200 гаруй хүндэт зочид, албаны хүмүүс, баг тамирчид оролцохоор болсон. Зохион байгуулах хороо энэ бүх ажлыг сүүлийн нэг сарын турш хийж, бэлтгэл ажил хангагдсан.
Зохион байгуулах хорооны анхны хурлын үеэр Олон Улсын жүдо бөхийн холбоо, Зүүн Азийн жүдо бөхийн холбооноос БНСУ болон БНАСАУ-ыг 2018 оны Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний багийн төрөлд нэг тугийн дор нэгдэн орох санал тавьсан юм. Саналыг хоёр орны тал хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр “Пёнчан-2018” өвлийн олимпод нэг туган дор оролцож байсан хоёр Солонгос зуны спортын төрлөөр анх удаа 2018 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болж байгаагаараа онцлог юм.
Олон Улсын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер хэлэхдээ “…Улс орнууд спортоор дамжуулан бие, биенээ дэмжин хөгжиж, энх тайвнаар зэрэгцэн хөгжих их үйлсэд жүдогийн спорт их хувь нэмэр оруулж байгаа…” талаар хэлсэн байсан. Бид ч гэсэн БНСУ болон БНАСАУ-ын талууд шийдвэрийг хүлээн авсанд талархаж байгаа.
Нэгдсэн багт спортын амжилт хүсье.
Энх тайванч гадаад бодлогыг дэмжиж, Солонгосын баг, тамирчид хамтарч оролцсонд дахин талархаж байна.
Энэ бол спортынхон улстөрчдөөс илүү хурдтай ажиллаж байгаагийн илрэл юм” гэлээ.
Харин БНСУ-ын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чул:
Энэхүү бололцоог Монгол Улсын зүгээс хоёр орны тамирчдад олгосон явдалд талархаж байна. Бид ийм бэлтгэлгүй ирсэн боловч Жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр үүрдийн түнш болох өмнөд, хойд Солонгосын жүдо бөхийн баг, тамирчид энэ тэмцээнд хамтран оролцох завшаан тохиолоо. Бид тэмцээнд амжилттай оролцоно гэдэгт найдаж байна. Монголын талын бүх хүмүүст талархал илэрхийлье” гэлээ.
Мөн БНАСАУ-ын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Вон Кёонг Ил:
Бид эх орноо төлөөлөөд Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Тэмцээнд хүчин чармайлтаа гаргаж оролцох болно. Хамтарч оролцож байгаа өмнөд Солонгосын тамирчдадаа баяр хүргэе. Мөн Монголын баг тамирчдад амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэсэн юм.
Хэвлэлийн бага хурлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирж, баг тамирчдад маргааш эхлэх тэмцээнд нь амжилт хүсээд, дурсгалын зураг авахуулав.
Сэтгэгдэл ( 0 )