Сүүлийн өдөр гал гарсан сонирхолтой барилдаан олноор гарсан. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар нэг хэсэгт багтсан нь чөлөөт бөхийн хорхойтнуудын анхаарлын төвд байсан гэхэд хилсдэхгүй. Хэсгийн барилдаанд С.Батцэцэг оноогоор цэвэр (11:0) ялсан. Тэд хагас шигшээд өрсөлдөгчөө ялснаар алтан медалийн төлөөх барилдаанд дахин учраа таарсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд П.Орхон даагаа амжилттай нэхэж, хүчтэй өрсөлдөгчөө цэвэр ялснаар өнгөрсөн жилээс хойш тэдний ялалтын харьцаа 5:1 болж байна.
57 кг-ын жингийн шигшээ барилдаанд үрийн зулай үнэрлээд дэвжээндээ эргэн ирээд удаагүй буй, ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, “U-23” ангиллын ДАШТ-ий медальт ОУХМ А.Батцэцэг нарын дуэль “Буянт-Ухаа” спортын ордонд хуран цугласан үзэгчдийг өндөлзүүлсэн өрсөлдөөнтэй болсон. Тус барилдаанд С.Цэрэнчимэд гавьяат цаг дуусахаас 20 гаруй секундын өмнө хоёр оноо авч, эцсийн үр дүнд 4:4-өөр ялалт байгуулсан.
Сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн ангилалд манайхан таван жингийн нэгд нь гадныханд түрүүгээ алдав. Хамгийн хүнд жин буюу 76 кг-ын жинд ДАШТ-ий гурван хүрэл медальт, 2015 оны Азийн аварга О.Насанбурмаа “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковад 5:6-гаар ялагдсан. О.Насанбурмаа гавьяат ийнхүү казах бүсгүйд дөрвөн жил дараалан дөрөв дэх удаагаа ялагдаад байна. Сыздыкова манай бөхийг 2015 оны “Монголиа Опен”-д, 2016 онд Риогийн олимпийн наадамд, 2017 онд Парисын ДАШТ-д ялаад байсан юм.
“Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат 79 кг-д анх удаа зодоглож шинэ жиндээ торолгүй түрүүллээ. Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 125 кг-д Буриадын Балдан Цыжипов манай хүнд жингийн шилдгүүд болох ОУХМ Н.Золбоо, Д.Хүдэрбулга тэргүүтэй шилдгүүдийг ялж, сүүлийн дөрвөн жил дараалан аваргалав. Гавьяат тамирчин П.Орхон дөрөв, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд, ОУХМ Ш.Түмэнцэцэг гурав, ОУХМ Э.Сумъяа, Л.Төртогтох хоёр дахь удаагаа түрүүлсэн юм.
“Монголиа Опен-2018” ОУТ-д Монгол Улсын баг тамирчид 10 алт, 14 мөнгө, 14 хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлж, ОХУ долоон алт, дөрвөн мөнгө, найман хүрэл, Казахстан гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл медальтай удааллаа.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг (22 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Хуреш-оол Дондук-оол (ОХУ) 3. Цэвээнсүрэнгийн Цогбадрах, Содномдашийн Батболд (хоёул Монгол)
65 кг (30): 1. Виктор Рассадин (ОХУ) 2. Сиятбек Окассов (Казахстан) 3. Батчулууны Батмагнай, Батболдын Номин (хоёул Монгол)
74 кг (14): 1. Арсалан Будажапов (ОХУ) 2. Ганзоригийн Мандахнаран (Монгол) 3. Диньяр Кайсанов (Казахстан), Жасмит Сингх Пулка (Канад)
86 кг (11): 1. Адилет Давлумбаев (Казахстан) 2. Ганбаатарын Ганхуяг (Монгол) 3. Сиао Сун (БНХАУ), Элхан Рамос (Пуэрто-Рико)
97 кг (8): 1. Бакдаулет Алментай (Казахстан) 2. Өлзийсайханы Батзул 3. Батдоржийн Намхай (хоёул Монгол), Алдар Хамаев (ОХУ)
Эмэгтэйчүүдийн 50 кг (7): 1. Валерия Чепсаракова 2. Елена Вострикова 3. Анжелика Ветошкина (бүгд ОХУ)
55 кг (7): 1. Эрхэмбаярын Даваачимэг 2. Баяраагийн Халиунаа 3. Батбаатарын Энхцэцэг (бүгд Монгол)
59 кг (7): 1. Баатаржавын Шоовдор (Монгол) 2. Светлана Липатова 3. Вероника Чумикова (хоёул ОХУ)
65 кг (4): 1. Зоригтын Болортунгалаг (Монгол) 2. Юлья Пронцевич (ОХУ) 3. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)
72 кг (4): 1. Татьяна Колесникова (ОХУ) 2. Амгаланбаатарын Чанцалнямаа 3. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (хоёул Монгол)
СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 61 кг (20 бөх): 1. Александр Богомоев (ОХУ) 2. Андрей Бекренев (Беларусь) 3. Куат Амартаев (Казахстан), Гансүхийн Отгонбаатар (Монгол)
70 кг (22): 1. Евгений Жербаев (ОХУ) 2. Бат-Эрдэнийн Бямбадорж (Монгол) 3. Роланд Ондар, Тимур Николаев (хоёул ОХУ)
79 кг (15): 1. Пүрэвжавын Өнөрбат 2. Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ 3. Ганболдын Төрболд, Баатарын Нямбаяр (бүгд Монгол)
92 кг (10): 1. Лувсандоржийн Төртогтох 2. Баасанцогтын Өлзийсайхан 3. Чинбатын Алтангэрэл (бүгд Монгол), Юрий Иванов (ОХУ)
125 кг (12): 1. Балдан Цыжипов (ОХУ) 2. Нацагсүрэнгийн Золбоо 3. Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Монгол), Олег Болтин (Казахстан)
Эмэгтэйчүүдийн 53 кг (6): 1. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол) 2. Екатерина Полещук (ОХУ) 3. Айгули Нуралим (Казахстан)
57 кг (7): 1. Сүхээгийн Цэрэнчимэд 2. Алтанцэцэгийн Батцэцэг (хоёул Монгол) 3. Олга Хорошавцева (ОХУ)
62 кг (6): 1. Пүрэвдоржийн Орхон 2. Соронзонболдын Батцэцэг 3. Дэлгэрцогтын Түмэнцэцэг (бүгд Монгол)
68 кг (6): 1. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол) 2. Жамила Бакбергенова (Казахстан) 3. Светлана Бабушкина (ОХУ)
76 кг (7): 1. Эльмира Сыздыкова (Казахстан) 2. Очирбатын Насанбурмаа (Монгол) 3. Гульмарал Йеркебаева (Казахстан)
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Чөлөөт бөх хөгжих боломж, авъяаслаг залуу тамирчид байна. Холбоог нь шинэчлэх хэрэгтэй. Арчуур барьж зогсохоос цаашгүй эрүү өвдөг нь нийлсэн хэдэн өвөгчүүд одоо болиоч. харахад ч өрөвдөлтэй.