Их Британийн цагдаагийнхан хөлбөмбөгийн ДАШТ-д Английн баг тоглох үеэр гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж болзошгүйг анхааруулсан байна. Энэ тухай Sky News мэдээлжээ.
Цагдаагийн төлөөлөгчид Ланкастерын их сургуулийн судалгаан дээр үндэслэн ийнхүү сэрэмжлүүлэг гаргасан гэнэ. Уг судалгаанд дурдсанаар, 2014 онд болсон ДАШТ-ын үеэр Английн шигшээ баг тоглох өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл 38%-иар өсч байсан аж.
“Хөлбөмбөгийн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл өсөх хандлагатай байдаг. Иймд бид хүчирхийллийн золиос бологсдод тусламж үзүүлэх зорилгоор нэмэлт ажилтнуудыг зохион байгуулж байна” хэмээн цагдаагийн ажилтан Майк Хейнс өгүүлсэн байна.
Дашрамд дурдахад, Английн шигшээ баг энэ сарын 18-ны даваа гаригт буюу өнөөдөр Тунисын багтай, 24-нд Панамын хөлбөмбөгчидтэй, 28-нд Бельгийн шигшээ багтай тус тус тоглох юм.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )