Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй

2018 оны 06 сарын 23

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан болж, тус хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцлоо.

Баяр наадмын бэлтгэл ажлын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийж, наадмын бэлтгэл бүрэн хангагдаж байгааг хэллээ.

Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийлгэх журмыг тус хурлаар шинэчлэн баталлаа. Сэргээшийн шинжилгээний сорьц авахтай холбоотой сургалт, сурталчилгааг бөх, харваач, багш дасгалжуулагч, эмч мэргэжилтэн нарыг хамруулан зохион байгуулахыг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцад даалгалаа. Мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмын дагуу уг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний дүнгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдуулахгүй байх шийдвэрийг зохион байгуулах хорооны хурлаас гаргалаа.

Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих MNS 6264:2018 стандарт, энэ стандартын дагуу хийгдсэн хувцсыг Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн танилцууллаа. Энэ наадмаар хамгаалалтын шинэ хувцсыг бүх уралдаанч хүүхдэд өмсгөхийг албадахгүй ч дараагийн наадмуудад мөрдөх нь зүйтэй гэж, зохион байгуулах хорооны гишүүд үзлээ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг хуралд танилцуулж баталлаа.

Үндэсний их баяр наадмыг ард иргэдийн дөнгөж нэг хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд үздэг. Харин бусад 99 хувь нь телевизээр үзэж, радиогоор сонсч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр наадмын тухай мэдээллээ авдаг. Иймд баяр наадмын өдрүүдэд амралтгүй ажилладаг хэвлэлийнхний ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин хэлээд Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийнхэнд зориулсан өрөө гаргаж өгөхийг холбогдох хүмүүст даалгав. 

Баяр наадмаа будилаан, маргаангүй, шударга зохион байгуулах нь Үндэсний хорооны гишүүдийн үндсэн үүрэг. Энэ үүргээ эрхэмлэж ажиллахыг Зохион байгуулах хорооны гишүүдэд Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bb(27.123.212.134) 2018 оны 06 сарын 25

Dopingiin tuviig Baterdeniin avarga gartaa oruulsan. Bat erdene iig l zailuulmaar bn

0  |  0
Зочин(27.123.214.109) 2018 оны 06 сарын 24

Энэ үймүүлээд байгаа нөхдүүдийг наадам өнгөртөл барьж хориод (баянаа.сүхбат.хүрэлбаатар.чинбат)наадам өнгөрөхөөр гарга даа.

0  |  0
наадамчин(112.72.14.96) 2018 оны 06 сарын 24

сүхбат баянмөнх хоёрын санаачилгаар бөх морь сур харваачид хавтгайдаа допигдохоос өөр арга алга бас оройн шинэ хөгжимчин дуучид бас үзэгчид хүч чадлаа нэмэх ёстой болж дээ

0  |  0
зочин(103.26.193.26) 2018 оны 06 сарын 23

Сүхбат өөрөө допинг хэрэглээд баригдахаараа зодог тайлж билээ.Тэр гэмээ Нямдорж Данзан нараас болоод хавчигдаад зодог тайлсан гэж байв даа Баянмөнх ард түмнийг турхирсан үг хэлсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэх ёстой даанч Х.Баттулга,Ц.Нямдорж нар хамгаалах биз дээ өнгө мөнгө хоёрт үнэн гэж байхгүй болсон цаг даа

0  |  0
иргэн(182.160.2.83) 2018 оны 06 сарын 23

Будлиангуй маргаангуй найраагуй зодоон цохионгуй шудрага шуулттэй допинггуй наадам узэлгуй удаж байна. Бух томчууд дарга нар нь ийм наадам хараад бахархаад суудаг нь харамсалтай. Шударга унэний толоо явсан хумуусээ барьж идэхэд бэлэн байна даа. Ямар нэгэн булхиагуй наадам хэдэн онд болсон бэ. Мэдэх хэлэх хун байна уу.

0  |  0
Зочин(103.10.22.111) 2018 оны 06 сарын 22

Маш зөв шийдвэр байна .Сүхбат допинг хэрэглээд хариуцлага тооцох болохоор ингэж дүйвүүлээд юу ч биш болгосон одоо 2002 он бишээ допинг хэрэглэсэн бөхчүүдийг хэрхэвч оруулж болохгүй шүү.

0  |  0
Сахалт(64.119.17.106) 2018 оны 06 сарын 22

Хууль дүрэм байдаг бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн төмөр нүүрийг төрийн бус байгууллагын нэр барьсан луйварчидад үзүүлэх хэрэгтэй. Зөнөг залгасан Ү.Хүрэлбаатар Х.Баянмөнх нар хууль бус үйлдэл ээ зогсоо Төрийн наадамыг түвшин хийлгэ.

0  |  0
Top