Мессиг гэрт нь буцаасан Аргентины дасгалжуулагч ажлаа хүлээлгэж өгөх үү

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 02

2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гал гарсан өрсөлдөөнөөр шөвгийн наймаа тодруулж буй билээ. Өнгөрсөн хагас сайнд дэлхийн хоёр удаагийн аварга Аргентиний шигшээ баг Францтай тоглож 4:3 харьцаатайгаар ялагдал хүлээж, супер од Лионель Месси гэрлүүгээ буцлаа.

Францын шигшээгийн 19 настай од Мбаппэгийн хурдан, шалмаг хөдөлгөөнийг гүйцэх тамирчин тэр өдрийн тоглолтод байсангүй. Тэрээр багтаа хоёр гоол авчирснаар хөлбөмбөгийн ертөнц дэх өөрийн нэр хүндээ дэлхийн хэмжээнд авчирч, багаа шөвгийн наймд авч ирсэн юм.

Энэ жил 32 настай Лионель Месси шөвгийн 16-аас нутаг буцах болсон нь олон олон фанатууд, Аргентинчуудад уй гашуу авчирсан билээ. Магадгүй энэ түүний сүүлчийн дэлхийн аварга биз хэмээн хөлбөмбөгийн тайлбарлагчид халаглан өгүүлэв. Харин энэ бүхний буруутныг Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч Хорхе Сампаолиг хэмээн нэрлэж байна. Түүнийг буруутгах шалтгаан эхний тоглолтод Эвэр Банегаг тоглолтийн эхний 45 минутад суулгаснаас эхэлсэн гэж хэлж болно. Банегаагаас гадна сэлгээний тамирчдаа сонгож буй байдал, тоглолтын хоёр дахь хагаст ямар ч өөрчлөлтгүй багийн зохион байгуулалт гээд бүгд л Хорхе Санпаолигийн буруу хэмээн фанатууд нь жиргэх болов.

Хорхе Сампаолигийн хувьд өмнөх дэлхийн аваргад Чилийн шигшээ багийг удирдаж байсан бөгөөд өнгөрсөн жил Аргентиний багийн дасгалжуулагчийн ажлыг хүлээн авсан билээ.

2014 оны дэлхийн аварга Герман буцсаны дараа Аргентин, араас нь Португал гээд дэлхийн одуудад тун ч халгаатай тэмцээн болж байна даа. Гэхдээ нөгөө талд Франц, Уругвай, Хорват, Бразил гээд багуудын гал цогтой тэмцээнүүд биднийг хүлээж байна.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top