Катар улс Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрх авахын тулд нууц ажиллагаа зохион байгуулсан уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 30

Катар улс 2022 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахын тулд 2010 онд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн улсуудын эсрэг санаатайгаар нууц ажиллагаа зохион байгуулж, үр дүнд нь нөлөөлсөн байж болзошгүй талаар мэдээлж эхэллээ.

Олон нийтэд нээлттэй болсон баримтаас харахад Катарын зохион байгуулах багийнхан АНУ-ын PR-ын фирмийг хөлсөлж, Тагнуулын Төв Газрын экс ажилтнуудыг ашиглан өрсөлдөгч болох АНУ, Австрали улсуудын эсрэг нэр хүндэд нь нөлөөлж харлуулах бодлого хэрэгжүүлсэн гэжээ. Уг үйлдлийн гол зорилго нь тус улсуудад Дэлхийн аваргыг зохион байгуулахыг дотооддоо дэмжихгүй байгаа гэсэн суртал ухуулгыг дэлгэхэд байжээ.

Гэхдээ Катарын арга хэмжээ зохион байгуулагчид энэхүү мэдээллийг үгүйсгээд байгаа юм.

“Sunday Times” сайтад дурьдсан уг мэдээлэл үнэн бол Катарын гаргасан үйлдэл нь ФИФА-гийн нэр дэвшүүлэх дүрмийг зөрчсөн хэрэг болно. Катар улс АНУ, Австрали, Өмнөд Солонгос болон Япон улстай өрсөлдөж 2022 оны Дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийг авсан юм. ФИФА-гийн дүрэмд Дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй улсууд нь нэр дэвших явцын талаар болон бусад гишүүн орнуудын талаар бичгээр эсвэл амаар мэдэгдэл хийх ёсгүй гэсэн байдаг. Өмнө нь Катарын нэр дэвшүүлэх багийг авилга хээл хахуулийн хэрэгт шалгасан бөгөөд хоёр жил үргэлжилсэн ФИФА-гийн шалгалтын дараа гэмгүй хэмээн тогтоосон байдаг.

Харлуулах ажиллагаанд дараах зүйлсийг дурьджээ.

  • Нэр хүндтэй нэгэн академчид есөн мянган ам.доллар төлж, АНУ-д Дэлхийн аварга зохион байгуулсанаар үүсэх эдийн засгийн зардлын талаар сөрөг нийтлэл бичүүлж олон улсын хэвлэлүүдэд тараах,
  • Тус улсуудад буй сэтгүүлчид болон блоггерууд, олны танил хүмүүсийг ашиглан өөрсдийн нэр дэвшиж байгаа талаар сөрөг талыг нь ярих,
  • АНУ-ын  биеийн тамирын сургалтын багш нарыг ашиглан өөрсдийн Конгрессийн гишүүдэд хандан Дэлхийн аваргыг эсэргүүцэж түүнд зарцуулах мөнгөө дунд сургуулиудын зардалд зарцуулахыг уриалуулах гэх мэт багтжээ.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.92) 2018 оны 07 сарын 30

Блаттер гэж нэг хеетэй евгений хийсэн ажил ш дээ, нарийн яривал саяын орос дахь дашт-ийн эрхийг ч оросууд бас л буруу гараар олж авсван ш дээ

0  |  0
Top