Алтан бүсийн төлөөх аваргуудын тулаан маргааш болно

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 03

  Хан-Уул дүүргийн Соёлын ордонд маргааш нэгэн сонирхолтой тулаан болох гэж байна. Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт, улсын шигшээ багийн аварга тамирчин Т.Чулуунтөмөр, 90.7 кг жингийн аварга, “Чингис” мэргэжлийн боксын холбоог үүсгэн байгуулагч Г.Баяртогтох нар 90.7 кг жингийн аваргын бүсийн төлөө найман раундаар мэргэжлийн тулаан хийнэ. Мөн маргааш 18:00 цагаас дөрвөн раундаар эмэгтэй тамирчдын хоёр тулаан болох аж. Тэд бүгд 16-21 насны залуу тамирчид юм.

Тулааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Оюунболд ажиллах аж. Ялагчийн шагнал нь Чингис хааныг алтлаг өнгөөр сийлж бүрсэн “Чингис” боксын холбооны нэрэмжит аваргын бүс байна.

90.7 кг жингийн аварга Г.Баяртогтохын хувьд долоон жилийн турш рингэн дээр хөл тавиагүй аж. Энэ нь түүний 2016 оноос хойш Монголд зохион байгуулж буй тав дахь тэмцээн юм. Тэрбээр өмнөх тэмцээндээ ОХУ-ын тамирчин В.Сергеевичтэй аваргын төлөөх тулаан хийж ялалт байгуулж чадсан билээ. Г.Баяртогтох мэргэжлийн боксын 32 тулаан хийснээс 26-д нь ялж, өрсөлдөгчөө 22 удаа нокаутад оруулж чадал чансаагаа баталж чадсан тамирчин юм.

Энэхүү зохион байгуулж байгаа тэмцээн нь Г.Баяртогтохын 33 дахь тулаан бөгөөд аваргын алтан бүсийг хэн авч үлдэхийг шийдвэрлэх чухал тулаан. Тэрбээр “Чулуунтөмөр бол надтай дүйцэхүйц сайн тулаанч. Сайхан тулаан болно гэдэгт би итгэлтэй байна” гэлээ.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bor(174.220.0.108) 2018 оны 08 сарын 03

Bandaashiktai zaluu hychtei yum shig bna

0  |  0
Top