Ч.Мөнгөндалай: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авахгүй гэсэн учраас би аялахаар шийдсэн

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 21

  Монголын залуучуудын холбооны гишүүн, аялагч Ч.Мөнгөндалай эх орондоо өнөөдөр ирлээ. Тэрбээр хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч өөрийн чин хүслээрээ 5642 метрийн өндөртэй Европын хамгийн өндөр Эльбрус ууланд авираад эх орондоо эргэн ирж байгаа юм.

-Та хэзээнээс ууланд авирахаар шийдсэн бэ?

-Би 2013 оныг хүртэл цахилгаанчин хийдэг байсан. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахгүй гэдэг байсан учраас 2014 онд эх орныхоо 11400 километрийг дугуйтай тойрон аялал хийсэн. Тэр оныхоо долдугаар сард Алтай таван богд ууланд авирсныхаа дараа ер нь л ууланд авирна гэж шийдсэн.

-Яагаад Эльбрус уулыг сонгосон бэ?

-Би анх фэйсбүүкээр мэдээллийг нь хараад явахаар шийдэж энэ сарын 2-ны өдөр эх орноосоо хөдөлсөн. Монголдоо хэд хэдэн ууланд авирч багагүй туршлагатай болсон учраас дэлхийн тавцанд өөрийгөө сорихыг  хүссэн. Энэтхэг, Орос гэх мэт олон орны нийт найман хүнтэй нэг баг болж хамтдаа авирсан юм.

-Багийнхантайгаа яаж ойлголцож байв?

-Байж болох бүх л боломжоор харилцаж байсан даа. Өгүүлбэр, үг хооронд нь холбож ойлголцдог байсан. Манай багт ОХУ-аас ирсэн нэг залуу нэгдсэн. Тэр надад манай найзыг их санагдуулж байсан учраас их дотно байж, ууланд авираад буцахад онгоцноос тосч их хүндлэлтэй хандаж байсан. Олон улсын уулын холбооныхонтой хамтдаа авирах маш сайхан байлаа.

-Эльбрусын ноён оргилд гарахад ямар бэрхшээлтэй тулгарсан бэ, хэцүү байсан уу?

-Ер нь их хүнд нөхцөлтэй, хүйтэн ширүүн уур амьсгалтай байсан. Цаг агаарын тааварлашгүй байдлаас болоод нийт дөрвөн удаагийн авиралт хийсэн. Их хүнд ачаатай байсан учраас 5400 метрт амарна даа гэж бодож байсан боловч цаг агаарын нөхцөл маш хүнд байсан учраас амралтгүйгээр үүрийн 5:30 минутад Эльбрусын ноён оргилд хүрч чадсан. Энэ уул ер нь их догшин гэж хүмүүс ярьдаг. Биднийг очиход маш олон цасны дугуйтай хүмүүс ууланд авирч байгаа хүмүүсийг хайж байсан. Сүүлд есөн хүний цогцос олдсон гэж дуулсан.

-Яг оргилд нь гараад юу мэдэрсэн бэ?

-Маш их догдолсон. Тэр оргил дээр агаар нь хүртэл өөр юм шиг, үүлэн дээр гарчихсан юм шиг санагдаад сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байсан. Утсандаа Оросын сим карт хийчихсэн байсан учраас зургаа дарж, фэйсбүүкээр шууд дамжуулалт хийсэн.

-Монголын ноён оргил, Эльбрус уулын оргил хоёр юугаараа ялгаатай санагдсан бэ?

-Би энэ ууланд гарах явцдаа маш их айж, байж боломгүй их зориг өөрөөсөө гаргасан. Бие мах бодид үзүүлж байгаа нөлөөний хувьд надад өөр санагдсан. Дээрээс нь анх удаа онгоцонд сууж үзсэн. Онгоцонд суух мэдрэмж бараг ууланд авирахаас аймшигтай санагдаж байсан. Анх удаа онгоцоор ниссэндээ би их баяртай байгаа.

-Санхүүгээ хэрхэн зохицуулав, ойр дотны хүмүүс тань хэрхэн дэмжсэн бэ?

-Спортын төв ордон,Сэлэнгэ аймаг, мөн ойр дотны танидаг хүмүүсээсээ хандив цуглуулж нийт дөрвөн сая төгрөгтэй аялалдаа гарсан. Ойр дотны хамаатан садан маань намайг их дэмжиж, байнга л “болгоомжтой яваарай” гэж сануулж байсан. Монголдоо эргэж ирэхдээ ОХУ-ын танидаг найз нөхдөөсөө мөнгөн тусламж авч эргэж ирсэн. Мөн ууланд авирдаг Гангаамаа гэдэг эмэгтэйтэй танилцсан. Тэр хүн намайг их дэмжиж, урам зориг хайрлаж байсан.

-Цаашдаа өөр спортод хүч сорих бодол байна уу, ямар зорилготой байна вэ?

-Одоохондоо бол байхгүй. Гэхдээ саяны энэ амжилтаа эвдэж 6, 7 мянган метрийн өндөртэй ууланд авирах зорилготой байгаа. 

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.217.149) 2018 оны 08 сарын 22

YUGAA UZEH VE YADRANA

0  |  0
Цэрэн(66.181.177.33) 2018 оны 08 сарын 21

ХБИ г ажлын байр гаргахад төр бодлого бариач хууль гарсан одоо суугаад байхм

0  |  0
Top