Олимпийн аварга Н.Түвшинбаяр бооцоотой үндэсний бөх барилдаж хоёр сая төгрөгөөр шагнуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

"Дээд төрөлтөн" бөх судлалын төв үндэсний бөхийн нэгэн сонирхолтой барилдааныг зохион байгууллаа. "АСА" циркт ням гаригт болсон бооцоот барилдаанд дөрвөн бөхийн бүрэлдэхүүнтэй найман баг хүч үзэж, үүгээрээ МҮБХ-ны дүрэм болон үндэсний бөхөд нийцэшгүй гэж үзэж буй зарим зүйлийг няцаав. Барилдаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Н.Түвшинбаярын баг тэргүүлж хоёр сая төгрөг хүртсэн бол Архангай аймгийн арслан Л.Шинэбаатарын баг үзүүрлэж, сая төгрөг гардав. Аймгийн арслан Ш.Жаргалсайхан, Г.Энхбаатар нарын баг удаалж, хагас сая төгрөгийн эзэн боллоо. Н.Түвшинбаяр олимпийн аварга болсноосоо хойш үндэсний бөхөөр анх удаа барилдсан нь энэ. Тэрбээр аймгийн шилдэг арслан Л.Лха-Очир, Ж.Амарзаяа нарын таван бөхийг төвөггүй өвдөг шороодуулж, нэг ч унаагүй тэргүүлж чадлаа. Тайлбарлагч "Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Түвшинбаяр" гэж зарлах нь үзэгчдэд ихэд содон байв.

Эх сурвалж: Өдрийн шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top