Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Бид Чингисийн үр сад” нэрийн дор зөв тэмүүлэл, эх оронч манлайллыг төлөвшүүлэх сургалтыг 9-р сарын 5-аас 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орныхоо түүхээр бахархах, өөрийгөө ялах чадвартай, бусдын төлөө сэтгэлтэй болгох, найз нөхдөөсөө суралцах, сурсанаа бусадтай хуваалцах, цэрэг эх оронч хүмүүжил төлөвшилтэй, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгох зорилготой.
Тус арга хэмжээг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар, УИХ-ын дэд даргын ажлын алба, Хууль зүйн яам, БСШУСЯ, БОАЖЯ, ЭМЯ, ЗТАЖЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхи газар, Онцгой байдлын ерөнхий газар, Завхан аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм.
Аймгийн хэмжээнд 9 бүсэд болох энэхүү сургалтад ЕБС-ийн 11, 12-р ангийн сурагчид хамрагдах юм.
Сургалтын эхний өдрүүдэд цэргийн анхан шатны мэдлэг чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, эх орны түүх, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалт зэргийг зохион байгуулах юм.
Харин 9-р сарын 12-20-ны өдрүүдэд Тосонцэнгэл суманд хээрийн штабын зохион байгуулалтаар нэгдсэн сургалт хийгдэнэ. Энэ үеэр цэрэг марш тактикийн тэмцээн зохион байгуулах, нийгэмд тустай бүтээн байгуулалтад оролцуулах, олны танил хүмүүсийн цуврал лекц, урлаг соёл, спортын үйл ажиллагааг тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, арга хэмжээнд оролцож буй хүүхдүүд ойн цэвэрлэгээ, зам засварын ажилд туслан оролцох юм.
Эх сурвалж:Завхан аймгийн Онцгой байдлын газар
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )