Хятад, ӨМӨЗО-ны соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй хоёр орны хоорондох сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн Спортын төв ордонд гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. ӨМӨЗО-ны шигшээ баг Монголын залуучуудын шигшээ баг тамирчидтай өрсөлдөж, хурд хүчээ сорьсноос 75:69-ын харьцаатайгаар Залуучуудын шигшээ баг тэмцээнийг тэргүүлэв.
Тус арга хэмжээнд ӨМӨЗО-ны спортын газрын дарга Б.Тамир, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Энэ үед Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц: “Улаанбаатар хот дахь Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа спортын арга хэмжээ сайхан болж байна. Энэхүү спортын арга хэмжээнд ӨМӨЗО-оос шигшээ багийн тамирчид, манай залуучуудын шигшээ багтай тоглолт хийлээ. Спорт, соёлоороо бид дотносож байж бусад харилцаа маань улам илүү өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Ирэх жил Хятад улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэхүү ойн хүрээнд спортын нэлээд олон арга хэмжээг төлөвлөсөн. Тамирчид маань бие биенээсээ сурах зүйл их байна. Цаашдаа энэ үйл ажиллагааг тогтмолжуулж, хамтарсан бэлтгэл сургуулилт хийж байвал хоёр орны тамирчдын ур чадвар дээшлэхэд илүү их хувь нэмэртэй байх болов уу. Мөн Өвөрмонголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч ирсэн бөгөөд бид цаашдаа хэрхэн, яаж хамтарч ажиллах талаар ярилцлаа” хэмээн өгүүлсэн юм.
Тоглолтын зургуудаас...
Д.Атарцэцэг
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )