ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн энэ сарын 06-08-ны өдрүүдэд Якутад болж өндөрлөлөө.
Нэрт дасгалжуулагчийн 90 насны дурсгалд зориулсан 11 дахь удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Азербайжан, АНУ, Армен, Афганистан, Болгар, Беларусь, БНХАУ, Гүрж, Грек, Герман, Иран, Испани, Итали, Израиль, Казахстан, Колумб, Молдав, Македон, Финлянд, Турк, Румын, Унгар, Узбекистан, Украин, Эквадор, Энэтхэг, Эстони, Япон гээд Европ, Ази, Америк тивийн 30 орны 195 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлджээ. Үүнээс олимп, дэлхийн медальтай 20-иод бөх зодоглосон юм.
Энэхүү тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор сарын дараа Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох /гавьяат тамирчин Э.Бэхбаяраас бусад/ есөн тамирчин хүч үзсэн.
Тус тэмцээнээс манай эрчүүд Якутад дэлхийн аваргын өмнөх бэлтгэлээ шалгаж таван мөнгө, гурван хүрэл, нийт найман медаль хүртсэн гэж МЧБХ-оос мэдээллээ.
Тодруулбал, 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо мөнгө, 79 кг-д МУГТ П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д ОУХМ Л.Төртогтох хүрэл медалийн эзэн болжээ.
Харин зохион байгуулагч Саха болон Хойд Осет, бөхийн орон Иран, Азербайжан тус бүр хоёр, Буриад, Красноярскийн бөхчүүд нэг жинд аваргалсан байна. Өнөө цагийн дэлхийн шилдэг хүчтэнүүд болох “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Франк Чамизо (Итали), олимп, дэлхийн аварга Сослан Рамонов жиндээ түрүүлж чадаагүйгээс гадна “Рио-2016” олимпийн дэд аварга Рей Хигүчи хоосон нутаг буцсан аж.
Төгсгөлд нь сонирхуулахад Дмитрий Коркиний 90 насны ойд зориулж буй 11 дэх удаагийн тэмцээний шагналын санг Якутын чөлөөт бөхийн холбоо 180 мянган ам.доллар болгож өсгөсөн. Энэ нь өдгөө болж буй чөлөөт бөхийн тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай нь юм. Тэд тус тэмцээний аваргыг 7000, мөнгө 5000, хүрэл 3000 “ногоон”-оор байлжээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
ta byhendee mash ih bayarlalaa. ulam ih amjilt hysie. mongol zaluus odtoi shyy
Tatvaraa tuluurei zaluusaa