Д.Баттулга: Г.Содномпилжээ Азийн рекордыг дахин шинэчиллээ

2018 оны 09 сарын 13

Пара пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-13-нд Япон улсад боллоо. Тус тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцсон юм. Тэмцээний үр дүнгийн талаар Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгаас тодрууллаа.

- Юуны өмнө тэмцээндээ амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе.

- Баярлалаа. Тэмцээн зохион байгуулалт өндөртэй, сайхан болж өндөрлөлөө.

-  Таны удирдлага дор гавьяат Э.Содномпилжээ,  Г.Гансүх мастер хоёр маань явлаа. Ямар амжилт үзүүлэв?

- 12 орны тамирчин -107 кг-д орсоноос Г.Содномпилжээ 239 кг шахаж түрүүллээ. Энэ бол урьд нь өөрийнхөө тогтоосон 235 кг буюу Азийн рекордыг дөрвөн кг-аар шинэчилсэн үзүүлэлт юм. Г.Гансүхийн хувьд -80 кг-д орж зургадугаар байрт орсон сайхан амжилт үзүүллээ. Түүний жинд 10 тамирчин өрсөлдсөн.

-Тэмцээнд хэдэн орны хэчнээн тамирчин өрсөлдсөн бэ?

- Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах пара пауэрлифтингийн тэмцээнд 30 орны 200 гаруй тамирчин орсон.

- Манай пара пауэрлифтингийн тамирчдын бэлтгэл, сургуулилт, зардлыг хэрхэн шийддэг вэ?

- Монголын Пауэрлифтингийн холбооны хоёр тамирчин маань Улсын шигшээ багаас цалинжиж, улсын зардлаар тэмцээн уралдаанд оролцдог. Энэ дашрамд хэлэхэд Биеийн тамир спортын газрын хамт олон болон Ц.Шаравжамц дарга, шигшээ багийн хамт олондоо баярлалаа.

- Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн тив, дэлхийн тэмцээн байгаа юу?

- Бид ирэх ававдугаар сарын 05-наас 13-ны өдрүүдэд Индонезийн Жакартад зохиогдох паралимпийн Азийн наадамд явна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.

- Баярлалаа.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top