Манай оронд гүйлт-дугуй хосолсон дуатлоны спорт 2004 оноос эрчимтэй хөгжиж байгаа боловч улсын аварга шалгаруулах тэмцээн явагдаж байгаагүй. Тэгвэл Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос санаачилж, Монголын Триатлоны холбоо, “Ironman Mongolia” клубууд хамтран Дуатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна.
“Эв нэгдэл” уриан дор зохион байгуулагдах уг тэмцээн энэ сарын 22-нд буюу автомашингүй өдөр нийслэл хотноо явагдана. Тэмцээн эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч, хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорих хүсэлтэй хүн бүрт нээлттэй бөгөөд гурван ангилалд нийт есөн гараатайгаар зохион байгуулагдах юм. Тодруулбал мэргэжлийн ангиллын тамирчид эрэгтэй, эмэгтэй, 1-р ангиллын сонирхогчид, багийн буухиа гэсэн дөрвөн төрлөөр 10 км гүйлт, 20 км дугуйтай уралдаж хурд хүчээ сорих бол сонирхогчид 5 км гүйж, 10 км дугуйтай уралдаж өрсөлдөх юм байна. Хүүхэд багачуудад зориулж 9-11, 12-14 насны ангилалд мөн 5 км гүйлт, 10 км дугуйн уралдааны хоёр гараа гарах ажээ.
Тэмцээнийг цаашид уламжлал болгон жил бүрийн 9-р сарын 22-ний автомашингүй өдрөөр зохион байгуулахаар зорьж байгаа бөгөөд үндэсний эв нэгдлийн томоохон цугларалт, арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийлж байлаа. Нийт иргэд, хүүхэд, залуучуудаа хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорьж “эв нэгдэл” дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд нэгдэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл, тэмцээнийг удирдамжийг “facebook”-ийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Ironman club of Mongolia хуудаснаас авч болно.
Сэтгэгдэл ( 0 )