Даам: Оюутны улсын аваргууд тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Монголын даамын холбооноос 11 дэх удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 41, эмэгтэй 24 тамирчин өрсөлдсөн юм.

Эмэгтэйчүүд швейцарь системээр 8 өрөг тоглосноос “Идэр” их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн 16 оноо авч, зуун хувийн амжилтаар тэргүүллээ. Мөнгө, хүрэл медалийг спортын мастер Б.Отгон-Эрдэнэ (“Ач” АУИС) 12, дэд мастер Б.Номин-Эрдэнэ (Турк) 11 оноогоор хүртлээ. ДДХМ А.Дашбаяр (ШУТИС), дэд мастер А.Цэвээн (МУИС) нар тус бүр 10 оноогоор удаалсан байна.

Эрэгтэйчүүдийн хувьд өрсөлдөөн тэнцүүхэн өрнөж, 9 өргийн дараа зургаан тоглогч адилхан 13 оноотой гарсан. Ингээд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр жагсаахад СЭЗИС-ийн оюутан, спортын мастер Ц.Чинзориг аваргалж, ДДХМ Ц.Сүхбат (ШУТИС), ДДХМ М.Шийравжамц (Шинэ Монгол), спортын мастер Б.Уудамбаатар (ХААИС), спортын мастер (ШУТИС) нар удаалав.

Тэмцээнийг 1975, 1977 оны улсын аваргын хүрэл медальт С.Лхагвасүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд хоёр дахь жилдээ ивээн тэтгэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top