Монголын бүргэдчин охин Н.Айшолпан 2014 онд найруулагч Отто Беллийн “The Eagle Huntress” кинонд тоглож дэлхий дахинд танигдаад буй. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Алма толгой хэмээх газарт есдүгээр сарын 22-нд бүргэдчин охидын дунд тэмцээн зохион байгуулсан байна.
Казах түмний дундаас төрсөн анхны бүргэдчин эмэгтэй Х.Алмагийн нэрэмжит болгон зохион байгуулсан тус тэмцээнд нийт 12 охин оролцжээ. Эртнээс бүргэдээр ан хийж ирсэн Алтай, Толбо, Улаанхус, Толбо сумаас 8-16 насны охид шалгаран оролцсон тус тэмцээний ялагчаар Улаанхус сумын бүргэдчин охин Н.Сулушаш тодорсон аж. Харин удаад нь мөн сумын бүргэдчин Б.Балдыр, С.Ахелик нар шалгарсан байна. Тэд өөр өөрсдийн дасгасан бүргэдээ Алма толгойгоос нисгэж, ан, авд хэрхэн сургаснаа олонд үзүүлж, сонирхуулжээ.
Баян-Өлгий аймгийн казах түмний бүргэдчин охидын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж буйд Н.Айшолпан охины кинонд тоглосон явдал нөлөөлж байна, гэж эх сурвалж мэдээллээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )