Пауэрлифтингийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг Монголд анх удаа зохион байгуулахаар бэлтгэж байна. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулах мастеруудын 36 дахь удаагийн ДАШТ аравдугаар сарын 01-06-ны өдрүүдэд болно.
Пауэрлифтинг нь хүчний гурван төрөлт юм. Өөрөөр хэлбэл хүч чадлын спорт бөгөөд пауэрлифтингийн тамирчны зорилго нь штангтай суулт, цээжнээс шахалт, үндсэн таталт гэсэн гурван төрлийн өргөлтөөр тус тус гурван удаагийн оролдлогоор хамгийн хүнд жинг өргөх юм. Пауэрлифтингийн спорт нь стронгмэн тэмцээнтэй төрөл нэг эртнээс нааш зохиогдож байсан "хүчний өргөлтүүд" спортоос үүдэлтэй юм. Тэмцээнд, тамирчид нь өмсгөлтэй эсвэл өмсгөлгүй өргөлтүүдийг гүйцэтгэж болдог. Энэ нь тухайн тэмцээний зохион байгуулж байгаа холбооны журмаас ихэвчлэн хамаардаг. Өмсгөл гэдэгт шахалтын цамц эсвэл суулт/таталтын өмсгөлтэй өрсөлдөх төрлийг хэлдэг.
Пауэрлифтингийн тэмцээнүүд нь дэлхийд зохион байгуулагдах боловч ихэнх томоохон хэмжээний тэмцээнүүд АНУ, Канад, Их Британи, Исланд, египет, Швед, Финланд, ОХУ, Украйн зэрэг улсуудад зохион байгуулагддаг. 1984 оноос пауэрлифтинг нь Паралимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор (зөвхөн цээжнээс шахалт) багтан орсон юм. Ингэснээр Олон Улсын Пауэрлифтингийн холбооны доор мөн дэлхийн тоглолтын төрөлд хамаардаг юм. Монгол улсаас гавьяат тамирчин Э.Содномпилжээ Рио-2016 паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилттай. Тэрбээр саяхан Япон улсад болсон Ази Номхон далайн орнуудын пара пауэрлифтингийн тэмцээнд түрүүлэхийн зэрэгцээ азид өөрийн тогтоосон амжилт рекордоо ч шинэчлээд авсан билээ. МПНХ-ноос өөрийн эх орондоо анх удаа мастеруудын ДАШТ-ийг хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэж байна.
ДАШТ-д дэлхийн 26 улсын баг тамирчид өрсөлдөнө. Харин манай улсаас 27 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлдээ гарчээ. Пауэрлифтингийн спорт нь хэрэглэл тоног төхөөрөмжийг өндөр түвшинд шаарддаг зардал өндөртэй төрөл юм. МПНХ-ноос ДАШТ-д хэрэглэх дэлхийд тэргүүлэх Bull брэндийн тоног төхөөрөмжийг захиалан Монголдоо авчраад байна. Энэ он гарсаар Монголын пауэрлифтингийн баг тамирчид 20 гаруй медалийг ДАШТ, залуучуудын ДАШТ, Ази тивийн АШТ-ээс хүртээд байна. Тухайлбал насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 120 кг-ын жинд Б.Цэрэнчимэд, пара пауэрлифтингийн ДАШТ-ий 105 кг-ын жинд гавьяат тамирчин Дэлхийн аварга Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )