Жүдо бөхийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Азарбайжаны Баку хотноо өнөөдөр /2017.09.26/ зургаа дахь өдрөө үргэлжилж, энэ өдөр Монголын жүдочид гурав дахь медалиа халааслав.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд барилдсан ОУХМ Ө.Дүүрэнбаяр тэмцээний сүүлийн өдрийн баатар байв. Тэрбээр энэ жинд түрүүлэх зорилготой ирсэн “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, Японы бөх Хисаоши Харасаваг цаг дуусахаас 28 секундын өмнө цэвэр ялснаар биднийг нэгэнтээ баярлуулсан. Дараа нь 2017 оны Европын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилитэй мөнгөн медалийн төлөө барилдаж, базари үнэлгээгээр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга, дэлхийн хошой хүрэл медальт, Чехийн жүдоч Лукас Крпалекийг ялснаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 16 дахь жүдоч болж, биднийг дахин баярлуулав. Лукас Крпалек олимпийн аварга Н.Түвшинбаярыг ялсан бол шийдвэрлэх барилдаанд ийн нутгийн дүү нь ахынхаа хариуг авлаа. Монголын баг энэ жилийн ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар 14-рт бичигдээд байна. Маргааш ДАШТ багийн барилдаанаар үргэлжилнэ.
Өлзийбаярын ДҮҮРЭНБАЯР
Өнөөдөр +100 кг-ын жин арван жилийн дараа шинэхэн аваргатай болсон нь онцлох үйл явдлуудын нэг байв. Тодруулбал, олимпийн хошой алтан медальт, Дэлхийн 10 удаагийн аварга Францын тамирчин Тедди Ринер энэ удаагийн дэлхийн аваргыг өнжсөнөөр Гүржийн бөх Гурам Тушишвили шинэхэн дэлхийн аварга болсон юм.
Гэрэл зургийг: Ч.Ганбат
/Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/
Сэтгэгдэл ( 3 )
Ёстой мундаг байлаа
Энэ их ирээдүйтэй тамирчин болох байх гэж найдаж байгаа.
mundag