Та бол Монголын бахархал, ХАРҮМАФҮЖИ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 01

Одоогоос бараг нэг жилийн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сард аварга Харүмафүжи мэргэжлийн сүмо бөхийн 17 жилийн замналаа өндөрлөж байгаагаа  Фүкүока хотод болсон хэвлэлийн хурал дээр зарласан юм. Нулимстай тэр мэдэгдлээс хойш арван сарын дараа аварга зодог тайлах ёслолоо хийлээ.

Харумафүжи 2017 оны аравдугаар сарын 26-нд Тоттори хотод өөрөөсөө зиндаа доогуур, нутаг нэгт сүмочийг гэмтээсэн хэрэгт холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан билээ

“Таканоиваг гэмтээсэндээ ёкозунагийн хувьд хариуцлага хүлээж, зодог тайлж байгаагаа зарлаж байна. Японы ард түмэн, Японы сүмо бөхийн холбоо, намайг дэмждэг бүх хүмүүсийн өмнө уучлал гуйж байна” гэж хэлээд удаанаар мэхийн ёслохдоо Харумафүжи ёкозуна хүний хувьд доод бөхчүүддээ ёс журмыг сахиулах үүрэгтэй ч тухайн нөхцөлд хэтрүүлснээ хүлээн зөвшөөрсөн юм.

Өчигдөр /2018.10.01/ Сүмогийн ордонд болсон зодог тайлах ёслол нь түүний бөхийн замналаа дуусгаж буйг илтгэсэн агуулгатай бөгөөд Харүмафүжи Д.Бямбадорж сүүлчийн удаа дэвжээнд гарч, ёкозүна дохё-ири ёслол гүйцэтгэлээ.

Харүмафүжи дээд зиндаанд 712 ялалт байгуулсан нь сүмогийн түүхэнд зургаад орох үзүүлэлт юм. Харүмафүжи 16 настайдаа сүмод ирэхдээ 86 кг жинтэй байсан бол жилийн өмнө 137 кг буюу дээд зиндааны бөхчүүдийн дотор хамгийн хөнгөн жинтэйд тооцогддог байлаа.

Харүмафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сарын башёд дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн. Тэр гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозүна цолтноор тодорсон хүчтэн.

Нутаг нэгт сүмочтой маргалдаж, бусдын биед халдсан хэргээр сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид Тоттори хотын шүүхээс 500 мянган иений торгууль ногдуулсан байдаг. Харүмафүжид зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх шийдвэрээ гаргаж байв.

Сүмогийн ертөнцийг донсолгосон дээрх дуулианы улмаас Харүмафүжи нэгэнт зодог тайлах шийдвэр гаргасан тул Японы сүмогийн холбооноос түүнд шийтгэл оноогоогүй. Түүний багш, ояката Исэгахама мөн өөрийн хүсэлтээр Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлөөс огцорсон.  Харин хэрэг гарах үеэр зохих арга хэмжээ аваагүй гэж ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд нарын цалинг хасах шийдвэрийг Сүмогийн холбоо гаргасан юм.

Хэдийгээр Харүмафүжи сүмогийн дэвжээг орхих цаг хугацаа ч болоогүй, ийм зүйл болоосой гэсэн хүсэл сонирхол түүнд ч, сүмо сонирхогч, Харүмафүжи аваргын уран, дайчин, ухаалаг барилдаанд хайртай үзэгчдийн хэн хэнд нь байгаагүй ч бидний хайртай их аварга ийнхүү ид хаваа гайхуулж ирсэн дэвжээгээ орхин явлаа.

Та бол монголчуудын бахархалт аварга билээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.143) 2018 оны 10 сарын 01

Давгадорж Бямбадорж 2 нь сумогоос хөөгдөх шахам зодог тайллаа.Монголын нэрийг сайнаар гаргаад байна уу муугаар гаргаад байна уу .

0  |  0
Top