Бөхчүүд барилдах байрны эрэлд гарав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

Энэ зунжин “төрийн хамгаалалт”-д байсан Бөхийн өргөөний үүд нээгдэж, Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ өнгөрсөн амралтын өдөр намрын улирлын нээлтийн барилдааныг товлосон ч дахин МАРГААН дэгдэж, хаалгаа түгжихэд хүрсэн. Үндэсний бөхийн холбоо, монгол бөхийн хүрээнд өрнөсөн бүхэн, тэр тусмаа маргаан, мэтгэлцээн хүмүүст эхлээд сонин содон байсан ч одоо бараг тээршаах маягтай болжээ. Зарим хэсэг нь бүр тоохоо ч больж, хэвлэлүүд ч бичихээс залхах маягтай.

МҮБХ-ноос өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 29, 30-нд зохион байгуулахаар товлосон барилдаан цуцлагдсан шалтгааныг өөрсдийн албан ёсны сошиал хуудсаар дамжуулан ингэж тайлбарлажээ. Маргаанаа эцэслэн шийдээгүй улмаас дараагийн барилдааныг Бөхийн өргөөнд бус өөр газар зохион байгуулахаар Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй одоогийн удирдлагууд байр, савны эрэлд гарчээ. Ямартай ч эхний удаа ойрмогхон болох барилдаанаа Г.Өсөхбаяр аваргыг түшиж, "Алдар" спорт хорооны зааланд зохион байгуулахаар болсон байна.

ТАЙЛБАР

(Нийтлэгдсэн фэйсбүүк хуудас: Монголын үндэсний бөхийн холбоо)

Л.Чинбатын бие төлөөлөгч гэх Билгүүн Дархан аварга Х.Баянмөнх, гарьд Б.Гантогтох, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Гүйцэтгэх захирал Ц.Ариунболд, н.Нямдаваа, н.Ням гэх зэрэг хүмүүс 20 гаруй залуус хөлслөн, “Монгол бөхийн өргөө”-нд дайрч орон, ээлжит үймээн самуунаа дэгдээж, “Барилдаан зохиогдох учиргүй. Хэрэв зохион байгуулах юм бол үймээн самуун дэгдээнэ” гэж сүрдүүлсэн учир цагдаа, прокуророос “Монгол бөхийн өргөө”-г дахин хамгаалалтад авсан юм. Байдал ийм боллоо, маш харамсалтай байна.
Бөхийн өргөөндөө бөхөө барилдуулахгүй ямар нэгэн саад тотгор тавьснаар хэн хохирох вэ? Мэдээж хамгийн түрүүнд ид барилдаж байгаа бөхчүүд ихээр хохирно. Улмаар цолны хишиг гэж бага ч гэсэн хэдэн бор юм авч, амьдрал ахуйдаа нэмэрлэдэг ахмад дунд үеийн бөхчүүд ч хохирно. Дээр нь бөхийн хорхойтнууд бүр ч сэтгэл гонсгор байгаа. Энэ мэт увайгүй үйлдэл нь монгол бөхийг муухай харагдуулж байна. Бөхчүүд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэнэ байгаа. Олон мянган жилийн түүхтэй монгол бөхийнхөө ирээдүйн төлөө чимээгүй ажиглаж суусаар байх уу?
МҮБХ-ны бид бүхэн ярилцаад, нээлтийн барилдаанаа 2018.09.06-нд “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулахаар боллоо.

Харин МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа дараах тайлбарыг хэлсэн байв.

ЯРИЛЦЛАГЫН ХЭСГЭЭС

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дархан аварга Б.Бат-Эрдэнийг Монголын Үндэсний бөхийн холбоог тэргүүлэх эрхгүй гэж Шүүхээс шийдвэр гарсан учраас барилдаан цуцлагдлаа” гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ярихгүй юу?


-Худлаа гүтгэлэг. Энэ бол шүүхийн шатанд явж байгаа асуудал. Манай зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн бүртгэгч Оюумаагийн энэ оны 4-р сарын 3-ны өдөр “Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр томилсон, түүнд бүртгэл хийж шинээр гэрчилгээ олгосон явдыг хүчингүй болгох” нэхэмжлэлийг гаргасан. Үүнийг хэлэлцэх шүүх хурлыг нөхдүүд таван удаа хойшлуулсан .Улмаар 7-р сарын 24-нд хурал болоход улсын бүртгэгчийн гаргасан шийдвэрийг нэг сарын хугацаатай түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд бүртгэлийг зохих ёсоор хийлгэхгүй бол гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гарсан. Заасан хугацаанд юу ч хийгдээгүй. Хуулийн дагуу Л.Чинбатад олгосон гэрчилгээ хүчингүй болсон. Энэ шийдвэрт гуравдагч этгээдээр оролцсон Л.Чинбат давж заалдсан. Давж заалдах шатны шүүхээс 9-р сарын 26-ны өдөр “Л.Чинбатын гомдлыг хэрэгсэхгүй болгож, зарим дутуу хийгдсэн ажиллагааг нөхөн хийлгэхээр” шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал удахгүй гараад ирэх байх. Магадлал гарч ирэхэд талууд 14 хоногийн дотор гомдол гаргаж Дээд шүүхэд хянуулах боломжтой. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй үргэлжилж байгаа. Анхан шатны шүүх рүү буцаж байгаа асуудлыг нөхдүүд “Шүүхийн шийдвэр Б.Бат-Эрдэнийг хүчингүй” гэж гарсан хэмээн гуйвуулж байна. Гэтэл “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг төлөөлөн шүүх хуралд оролцсон этгээдүүд Шүүхийн магадлалыг бичгээр албан ёсоор гардан аваагүй атлаа Шүүхээр маргаан эцэслэн шийдэгдсэн, Б.Бат-Эрдэнийг МҮБХ-ны тэргүүн биш, төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр гарсан...” гэх мэтээр ямар ч хуулийн үндэслэлгүй, худал гүтгэлгийг хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлүүдээр зориуд тараан, Шүүхийн эрх мэдэлд бүдүүлгээр халдан, нийгэмд зохиомол бухимдал үүсгэж, маш хорлонтой үйл ажиллагаа явуулж байгаад бид харамсаж байна. Тэд “Б.Бат-Эрдэнэ аварга МҮБХ-ны тэргүүн биш гэсэн шүүхийн шийдвэр гарсан тул барилдаан цуцлагдлаа” гэх увайгүй худал цуурхал тарааж байгаа боловч үнэндээ бидний төлөвлөсөн барилдаанууд Л.Чинбат гэгчийн талаас Бөхийн өргөө рүү хүмүүс хөлслөн дайрснаас болж цуцлагдсан гэдгийг олон түмэн бүгд ойлгож байгаа. Яг л 2018 оны 05-р сарын 17-ны өдрийн хэвлэлийн хурал хийхдээ “Л.Чинбат наадмын комисст орсон” гэж худал цуурхал тараасантайгаа адил үйлдэл хийлээ, тэд.

-Маргааныг шүүхийн шатанд хэлэлцээд явж л байг. Аль нэг холбоо нь бөхийн барилдаанаа зохин байгуулаад явж болдоггүй юм уу?

-Энэ нөхдүүд өргөө, тамга тэмдэгний асуудал л яриад яваад байна. Яг бөхийн хөгжлийн төлөө юу хийх, барилдааныг яаж өөрчлөх, ямар шинэчлэл хийх тухай энэ хэдэн саруудад нэг ч зүйл ярисангүй. Сэдэл нь буруу учраас үнэхээр явцгүй, юм мэддэг хүн бол үүнийг дэмжихгүй. Ер нь барилдаан зохион байгуулах нь эд нарт хэрэгцээгүй зүйл. Бөхийн өргөө цоожтой байвал Л.Чинбатын хүмүүст ашигтай. Иймээс л 30 орчим тооны залуусыг хөлслөн дахин үймээн гаргалаа. Цөөхүүлээ ирээд зөвшилцвөл бөхийн өргөөг цагдаа хамгаалалтад авахгүй шүү дээ. Зориуд үймээн гаргаж байгаа нь барилдааныг цуцлах нэг төрлийн арга.

-Цаашдаа МҮБХ-ны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд яах вэ. Гарц гаргалгаа нь юу байна?

-Энэ асуудал дээр хоёр гарц бий. Нэг нь шүүхийн асуудлуудыг дуустал хараад явах. Үүнийг хүлээвэл нэгээс хоёр жил болно. Нөгөөх нь шүүхийн асуудлаа хаяад бөхчүүд өөрсдөө асуудлаа шийдэх боломж байх болов уу. Бөхийн өргөө хаалттай байснаар ид барилдаж байгаа бөхчүүдэд маш их хор хохиролтой. Залуучууд өөрсдийнх нь бэлтгэл сургуулилт, цалин орлого, амьдралд нь барилдаан болохгүйгээс сөрөг үр дагавар олон гарч байгаа тухай бүгд хэлж байгаа мөртлөө одоогийн Монгол хүний нийтлэг төрх болох ноомой, хүлцэнгүй зангаараа энэ асуудалд хандаад байна уу гэж бодох юм. МҮБХ үйл ажиллагаагаа тогтмол явуулж байж ахмад бөхчүүддээ цолны хишгийг нь өгнө шүү дээ. Сүүлийн үед бөхийнхөө нэр хүндийг 2-3 бөх урьд өмнө байж байгаагүйгээр унагаж байгаа. Зарим бөхчүүд бусадтай нийлэн бөхчүүдээ гутаах, доромжлох асуудал хэрээс хэтэрлээ. Нэр бүхий өндөр цолтой 2 бөх наадмын өмнө Ү.Хүрэлбаатар гэгчтэй нийлэн хоолны газрын ширээний ард “Нэг дархан аваргынхаа түрүүлсэн түрүүнээс 2 түрүүг хасуулах, ач зээ шигээ залуухан арслан Э.Оюунболд, болон мань мэт шиг барилдахаа больсон хүмүүсийн цолыг хураалгая” гээд Ерөнхийлөгчид бичиг бичээд сууж байсан нь гутамшигтай. Улмаар өглөө бүр найруулга, үг, үсгийн алдаатай олон төлбөрт гүтгэлэг доромжилсон мэдээлэл гаргаж байсан хүмүүст хариу нь ямар нэг байдлаар ирэх биз гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold(66.181.160.12) 2018 оны 10 сарын 03

тэр дайраад үймээн дэгдээгээд байгаа залуусыг баривчилж чаддаггүй юмуу

0  |  0
Top