Залуучуудын зуны спортын III олимпийн наадам аравдугаар сарын 6-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрест нээлтээ хийнэ. Чөлөөт бөхийн төрөл аравдугаар сарын 12-14-нд Буэнос-Айресийн “Parque Polideportivo Roca” спортын ордонд болно. Манай улсаас охидын 43 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхзул, 65 кг-д төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн тамирчин Тамирын Оюун-Эрдэнэ нарын хоёр тамирчин эх орноо төлөөлөн оролцох бөгөөд Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдахын хамт өнөөдөр Буэнос-Айресийг зорив. “Сингапур-2010”, “Наньжинь-2014” олимпод таван тивийн 32 орны бөхчүүд оролцож байсан бол энэ удаа дээрх тоо өсч, 50 орны тамирчин Аргентинд өрсөлдөхөөр болжээ.
Сонирхуулахад, дэлхийн аварга Юки Такахаши, Майю Мүкада (хоёул Япон), Пей Шинру (БНХАУ), дэлхийн дэд аварга Дороти Яатс (Канад), ДАШТ-ий хүрэл медальт Кумба Ларрок (Франц), Европын хошой аварга Петра Олли (Финланд), Европын аварга Грейг Буллан (Норвеги), залуучуудын дэлхийн хошой аварга Юү Мияхара (Япон), өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Лейла Гурбанова (Азербайжан) тэргүүтэй шилдгүүд тус наадмаас медаль хүртэж амжилтын гараагаа эхлүүлж байв.
Сэтгэгдэл ( 0 )