“Тамирчны алдар” дууны жинхэнэ эзэнд зориулсан T-Shirt

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

Монголын боксчид олимпийн наадмаас анхны медалиа хүртсэний 30 жилийн ойн түүхт өдөр хоёр хоногийн өмнө /2018.10.02/ тохисон.

Гавьяат тамирчин Нэргүйн ЭНХБАТ 30 жилийн өмнө буюу 1988 оны аравдугаар сарын 2-нд боксын 60 кг-ын жинд олимпийн хүрэл медаль хүртэн, Монголын спорт, боксын түүхэнд шинэ хуудас нээснийг мартах мартах ёсгүй. Учир нь боксчдын олимпийн анхны медаль Сөүлийн олимпоос Монголын баг тамирчдын авсан цорын ганц медаль байснаараа хэзээд үнэлэгдэх үнэ цэнэтэй. Тийм ч учраас спортынхны сүлд дуу болсон “Тамирчны алдар” дууг “Чингис хаан” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан түүнд зориулан зохиож байжээ. Сайхан түүх шүү.

Дэлхийн шилдэг боксчдыг бүгдийг нь илүүрхэн хожиж явсан Н.Энхбат үүнээс ч илүү амжилт гаргаж, олимп, дэлхийд түрүүлэх боломжтой байсан юм. Ид торгон иртэй үедээ буюу 23 настайдаа 1985 оны дэлхийн аваргад визний асуудлын улмаас өрсөлдөж чадаагүй бол 1984 оны олимпод социалист улсууд оролцохоос татгалзсанаар онцгой чухал мөчлөгөө алдсан гэдэг.

Энэ хүндэт эрхмийн олимпоос медаль хүртсэний 30 жилийн тэмдэглэлт өдөрт зориулж “Хүлэг” брэнд дурсгалын футболк гаргасан нь гэнэтийн бэлэг байв.

“Хүлэг” брэндээс дурсгалын футболкоо Сөүлийн олимпийн бэлгэдэл дээр үндэслэн түүний ид үеийн зураг, хүрэл медаль, онцлох тоглолтын агшнуудаар чимэглэжээ.

Н.Энхбат булган сүүлтэй байж, Монголын боксчид олимпоос 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байна. Тэрбээр МУИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй, Америкт олон жил аж төрж байгаад эх орондоо эргэн ирэн төвхнөөд байгаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
K(66.181.176.42) 2018 оны 10 сарын 04

Tiim shuu . Uneheer hund ue bsan daa.

0  |  0
иргэн (172.68.255.86) 2018 оны 10 сарын 04

Энхбат үнэхээр Мундаг байсаан

0  |  0
Top