Европа лигийн тэмцээнд таван удаа түрүүлж рекорд амжилт тогтоосон Испанийн Севийя клуб ОХУ-ын Краснодар клубийн талбайд зочлон тоглож 2:1 онооны харьцаагаар хожигдлоо. Хоёр баг эхний тоглолтдоо ялалт байгуулаад байсан билээ.
Тоглолтын агуулга, бөмбөг эзэмшилт, гоолын боломж үүсгэх байдлаараа хоёр баг эн тэнцүүхэн тоглосон нь Краснодарын форм сайн байгааг харуулсан юм. Хоёр баг тоглолтын эхний үед гоолын хэд, хэдэн аюултай боломж үүсгэсэн ч аль, аль нь гоол болгож чадаагүй. Улмаар тоглолтын 43 дахь минутад булангийн цохилтоос Эвер Банегагийн дамжуулалтаар Нолито гоолдож зочид тэргүүлж эхэлсэн. Эхний үе ийнхүү зочдын ялалтаар өндөрлөсөн юм. Харин тоглолтын хоёрдугаар үед гоол алдсан Краснодарчууд тэнцүүлэх гэж хэд, хэд оролдсон ч гоол болсонгүй. Севийя клуб ч тооны харьцааг холдуулах гэж хичээж байлаа. Тоглолтын 72 дахь минутад Павел Мамаевын дамжуулалтаар Маурисио Эрнесто гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн. Тооны харьцааг тэнцүүлсний дараа эздийн довтолгоо эрс сэргэж 88 дахь минутад Виктор Классены дамжуулалтаар Торник Окриашвили гоол оруулж эзэд тэргүүллийг гартаа авсан юм. Севийя клуб цаг дуусах мөчид тэнцүүлэх гэж хичээсэн ч гоол оролгүй байсаар тоглолт энэ үр дүнгээрээ өндөрлөсөн билээ.
Европа лигийн “J” хэсгийг ОХУ-ын Краснодар клуб зургаан оноотой тэргүүлж байгаа бол Севийя болон Стандарт Льеж клубууд гурван оноотой хэсгээ удаалж байна. ОХУ-ын Премьер лигт Краснодар клуб хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол Испанийн Ла лигийн хүснэгтэд Севийя клуб гуравдугаарт бичигдэж байгаа ажээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )