ТОМИЛОЛТ: Eрөнхий сайд У.Хүрэлсүх Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх үр тарианы ургац хураалтын үйл явцтай танилцахаар орон нутгийн томилолтоо өнөөдөр /2018.10.08/ эхлүүллээ.

Томилолтын хүрээнд Eрөнхий сайд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллах юм. Тухайлбал өнөөдөр Төв аймаг дахь "Өгөөж Сүмбэр" ХХК-ийн үр тарианы ургац хураалтын талбайд ажиллаж, ногоочидтой уулзалт хийх бөгөөд Сэлэнгэ аймгийн "Түмэн бут" ХХК, Дархан-Уул аймгийн "Өглөгчийн хэрэм" ХХК, "Улаанбаатар гурил" ХХК зэрэгт мөн ажиллах юм. Түүнчлэн томилолтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр сумдад ажиллаж, ургац хураалт, хадлангийн ажилтай танилцахаар төлөвлөөд байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хавар тариалалтын үеэр газар тариалангийн гол бүс нутагт ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдэж байсан. Харин одоо тэрбээр хаврын тариалалтын үр дүнг шалгаж, цаг агаарын таагүй нөхцөл тохиогоод буй энэ үед шийдвэрлэх асуудлуудтай танилцаж, зохих шийдлийг гаргахаар зорьж буй юм.  Монгол Улсын 3 сая гаруй хүн амыг эрүүл хүнсээр хангах үндэс суурь болсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг зохистой бодлоготой хөгжүүлэх, ингэхийн тулд Газар тариалангийн бүс нутгийг тогтоон малчид, тариаланчдын хооронд үүсдэг асуудлыг шийдвэрлэх, тариалангийн талбай, хөрсөө хамгаалах шаардлагатайг онцолж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэр гаргахаа Eрөнхий сайд тухайн үeд мэдэгдэж байсан.

Улмаар Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 16-нд Монгол Улсын Газар тариалангийн бүс нутгийг тогтоон зарлаж, долоон аймгийн 66 сумын 113 багийг эхний ээлжинд хамруулсан. Энэ 10 гаруй жил яригдсан ч шийдэлд хүрч чадаагүй байсан томоохон асуудлыг шийдвэрлэж чадсан чухал алхам байсан юм. Монгол Улсын хэмжээнд дотоодын улаанбуудай, хүнсний ногоогоор бүрэн хангах тариалангийн бүс нутаг нь нийт газар нутгийн 0.5-хан хувийг эзэлдэг. Тиймээс энэ бүс нутгийг хамгаалах нь эрүүл хүнсээр иргэдээ хангах бодлогод онцгой ач холбогдолтой хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тодотгож байв.

2019 онд Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойг угтан “Атар 60” бүтээлч ажил тус яамнаас өрнүүлж байгаа. Уг ажлын хүрээнд 1000-аас доошгүй га талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм. Мөн тариалангийн бүс нутаг зарласантай холбогдуулан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилго тавьж, малыг эрүүлжүүлэх, нэгж малаас авах ашиг шимийг дээшлүүлэхээр олон ажил эхлүүлээд байгаа юм.


-УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТ 50 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА-

​​​2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон билээ.

Гэвч энэ жилийн хувьд 5 дугаар сар бүхэлдээ хур тундас багатай, 6 дугаар сар гарсаар Хөвсгөл, Булган, Увс аймгийн зарим бүс нутгаар хур тундас орж таримлын өсөлт хөгжилтөд эергээр нөлөөлж эхэлсэн хэдий боловч тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 05-ныг хүртэл гандуу байсан нь ургацын төлөв болон болцод сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм.

Түүнчлэн 8, 9 дүгээр сард хур дундас ихтэй, сэрүүн байсан нь ургацын болц, жигдрэлтэд нөлөөлж улмаар үр тарианы хураалтын ажил 9 дүгээр сарын 10-нийг хүрч эхэлсэн хэдий боловч өнөөдрийг хүртэл 1-2 хоног бүтэн ажиллаж чадахгүй, ургац хураалтын ажил удаашралтай явж байгаа юм.

Аравдугаар сарын 05-ны байдлаар:

39.3 мянган га-г ангилан хадаж,

Нийтдээ 121.1 мянган га-гаас 169.6 мянган тонн үр тариа,
11.9 мянган га-гаас 151.0 мянган тонн төмс,
7.0 мянган га-гаас 80.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 35.5 хувь, төмс хүнсний ногооны хураалт 92.6-84.6хувийн явцтай байна.

Өнөөдрийн байдлаар тариалангийн бүс нутгаар тэнгэр онгойж цаг агаар тогтуухан байгаа бөгөөд зарим бүс нутгуудад хураалт эхэлсэн мэдээг салбар яамнаас өгч байна.

Ургац хураалтад нийтдээ 1264 комбайн, 554 жатка, 225 үтрэм, 140 гаруй төмс хураах комбайн,570 гаруй цэвэрлэгч, ачигч, сортлогч машин, 3200 гаруй оюутан залуучууд, цэргийн алба хаагчид гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд ургац хураалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх техникийн боломж бүрдсэн байна.


Н.Гантуяа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.216) 2018 оны 10 сарын 08

nogoonii aimag

0  |  0
Top